ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН, ОНОЛ ПРАКТИКИЙН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

A- A A+
ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН, ОНОЛ ПРАКТИКИЙН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Говьсүмбэр аймгийн прокурорын газрын прокурорууд аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс зохион байгуулсан “Хуулийн байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөн, онол практикийн хурал”-д оролцлоо.

Хурлаар аймгийн хэмжээнд сүүлийн 10 жилийн хугацаанд бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг тогтоох ажлын хүрээнд хийгдсэн криминологийн судалгааны дүнг танилцуулж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлд хууль хяналтын байгууллагын уялдаа холбоог сайжруулах талаар санал солилцсон байна.

Аймгийн прокурорын газраас гэмт хэрэг, зөрчлийн тоо судалгааг нэгтгэн гаргаж, судалгааг хийхэд хамтран ажилласан бөгөөд нэгдсэн зөвлөгөөнд тус аймгийн 22 байгууллагын 55 албан хаагч оролцож, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд анхаарах асуудлууд, энэ ажлын тэргүүлэх чиглэлийн талаар хэлэлцжээ.  

Судалгааны дүнгээр аймгийн хэмжээнд цахим хэрэглээ, хүн амын өсөлтөөс шалтгаалаад цахим залилан, хүүхэд, өсвөр насныхан холбогдсон гэмт хэрэг, хулгайлах гэмт хэрэг, нийтийн хэв журам, аюулгүй байдлын эсрэг зөрчил, согтууруулах ундаатай холбоотой зөрчлүүд өсөх хандлагатай байгааг онцлон ярилцсан байна.  

Зөвлөгөөнд оролцогчид Шүүх шинжилгээний байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, хэргийн газрын үзлэг, хуурамч баримт бичиг шинжлэх, мансууруулах эм сэтгэцэд нөлөөлөх бодисыг урьдчилсан байдлаар таних зэрэг практик дадлага, сургалтад хамрагджээ.