ХОРИХООС ӨӨР ТӨРЛИЙН ЯЛААР ШИЙТГҮҮЛСЭН, ХОРИХ ЯЛААС ХУГАЦААНЫ ӨМНӨ СУЛЛАГДСАН ИРГЭДЭД ЗОРИУЛАН ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
ХОРИХООС ӨӨР ТӨРЛИЙН ЯЛААР ШИЙТГҮҮЛСЭН, ХОРИХ ЯЛААС ХУГАЦААНЫ ӨМНӨ СУЛЛАГДСАН ИРГЭДЭД ЗОРИУЛАН ӨДӨРЛӨГ  ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас санаачлан Налайх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Засаг даргын Тамгын газар, Цагдаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, Шүүх шинжилгээний хэлтэс зэрэг байгууллагатай хамтран хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн болон хорих ялаас хугацааны өмнө суллагдсан иргэдийн нийгэмд дасах зохицох эрхийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх зорилгоор "Таны эрхийг хамгаалъя" өдөрлөг зохион байгууллаа.  

Тус өдөрлөгт дүүргийн төрийн 19 байгууллага оролцож, баримт бичгийн зөрчлийг арилгах, сургууль цэцэрлэгт хамрагдаагүй завсардсан хүүхдийг нь сургууль цэцэрлэгт хамруулах, эрүүл мэндийн даатгалд хамруулах, өндөр насны тэтгэвэр, тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох талаар зөвлөгөө мэдээлэл өгөх, тодорхой ажил хөдөлмөр эрхлээгүй иргэдийг ажил хайгчаар бүртгэх, ажлын байранд зуучлах, мэргэжил олгох сургалтад хамруулах, сэтгэл зүйн ганцаарчилсан зөвлөгөө өгөх зэрэг арга хэмжээг авч төрийн үйлчилгээг нэг доороос хүргэж, тулгамдаж буй асуудлын талаар санал, хүсэлтийг нь хүлээн авч ажилласан байна.

Өдөрлөгт хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн 70 иргэн оролцсон бөгөөд, оролцогч байгууллагын зүгээс эдгээр иргэдэд дахин гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр хууль эрх зүйн зөвлөгөө мэдээлэл өгчээ.