Ховд аймгийн прокурорын газраас Зөрчлийн тухай хуулиар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасуулсан иргэдэд “Тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасуулсан хүний эрх үүрэг, хуулийн хариуцлага” сэдэвт сургалт зохион байгууллаа.
Сургалтын хүрээнд Зөрчлийн тухай хуульд зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасуулсан иргэн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн тохиолдолд Эрүүгийн хуульд заасны дагуу ял шийтгүүлж, хариуцлага хүлээлгэх болон холбогдох хууль, эрх зүйн зохицуулалтын талаар мэдээлэл өгчээ.
Ховд аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд сүүлийн 2 жилийн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дах хэсэгт заасан буюу жолоодох эрхгүй үедээ согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 97 хүн ял шийтгүүлжээ. Сургалтад тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан 120 гаруй иргэн хамрагдсан байна.
Мөн сургалтаар цахим залилан, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт зэрэг хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр гарын авлага, материал тарааж, мэдээлэл өгч ажиллажээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба