ПРОКУРОР ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНЫ ШИЙТГЭЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ, ХҮЧИНГҮЙ БОЛГУУЛАХААР 18 ДҮГНЭЛТ БИЧЖЭЭ

A- A A+
ПРОКУРОР ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНЫ ШИЙТГЭЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ, ХҮЧИНГҮЙ БОЛГУУЛАХААР 18 ДҮГНЭЛТ БИЧЖЭЭ

Прокурорын байгууллага 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 27-ны өдрийг хүртэл хугацаанд улсын хэмжээнд зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтны хүлээн авсан 46031 зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэсэн байна.

Үүнээс эрх бүхий албан тушаалтан 44285 буюу 96.2 хувийг газар дээр нь, 618 буюу 1.3 хувийг бүртгэлд авч хялбаршуулсан журмаар торгох шийтгэл оногдуулж, 1128 буюу 2.5 хувьд нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. 

Бүртгэгдсэн нийт зөрчлөөс Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 40601 буюу 88.2 хувь, Олон нийтийн газарт зүйл бусаар биеэ авч явах зөрчил 2020 буюу 4.4 хувь, Жолоочийн даатгалын тухай хууль зөрчих зөрчил 1173 буюу 2.5 хувь, Автотээврийн тухай хууль зөрчих зөрчил 768 буюу 1.7 хувь, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 246 буюу 0.5 хувь, Танхайрах зөрчил 204 буюу 0.4 хувийг тус тус эзэлж байгаа нь хамгийн их байна. 

Прокурор эрх бүхий албан тушаалтны зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн 444 шийдвэрийг хянаж, 43 шийдвэрийг хүчингүй болгож, зөрчлийн хэрэг нээж, 3 шийдвэрийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцааж, 5 шийдвэрийг хүчингүй болгон, эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн.

Эрх бүхий албан тушаалтны зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон 40 шийдвэрийг хянаж, 1 шийдвэрийг хүчингүй болгож, зөрчлийн хэрэг бүртгэлтэд буцааж, 24 шийдвэрийг хүчингүй болгон, эрүүгийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийлгэхээр мөрдөх байгууллагад шилжүүлсэн.

Прокуророос хүний эрхийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхээр, эрх бүхий албан тушаалтны үндэслэлгүй шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрчлөлт оруулах, хүчингүй болгуулахаар 18 дүгнэлт бичиж, холбогдох хэрэг, материалыг шүүхэд шилжүүлсэн.

Зөрчлийн улмаас нийт 715.482.000 төгрөгийн хохирол учирснаас иргэн, аж ахуй нэгжид учирсан 297.329.000 төгрөгийг, төр, нийтийн ашиг сонирхолд учирсан 15.529.000 төгрөгийн хохирлыг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад нөхөн төлүүлсэн.

Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагааны явцад зөрчлийн хууль тогтоомж зөрчсөн 13 зөрчлийг арилгуулахаар эрх бүхий байгууллагад 1 шаардлага хүргүүлжээ.

Мөн Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий үйлчилгээний газар нь “Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл”-ийг дүүргийн Засаг даргын захирамжаар хүчингүй болгосон байхад үйл ажиллагаа явуулсан зөрчилд үйл ажиллагааг бүхэлд нь, нэр бүхий компанийн нэрийн бүтээгдэхүүнээс стандартад заагдсан шаардлагаас илүү бодис илэрсэн зөрчлийг эрх бүхий албан тушаалтнууд илрүүлж, прокурорын зөвшөөрлөөр үйл ажиллагаа, ашиглалтыг нь хэсэгчлэн зогсоосон байна.