Прокурорын байгууллага 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 11 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд улсын хэмжээнд зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтны хүлээн авсан 56143 зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэсэн байна.
Үүнээс эрх бүхий албан тушаалтан 53250 буюу 94.8 хувийг газар дээр нь, 1031 буюу 1.8 хувийг бүртгэлд авч хялбаршуулсан журмаар торгох шийтгэл оногдуулж, 1479 буюу 2.6 хувьд нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээжээ.
Бүртгэгдсэн нийт зөрчлөөс Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 46628 буюу 83.1 хувь, Олон нийтийн газарт зүйл бусаар биеэ авч явах зөрчил 5114 буюу 9.1 хувь, Жолоочийн даатгалын тухай хууль зөрчих зөрчил 1256 буюу 2.2 хувь, Автотээврийн тухай хууль зөрчих зөрчил 809 буюу 1.4 хувь, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 325 буюу 0.6 хувь, Танхайрах зөрчил 248 буюу 0.4 хувийг эзэлж байгаа нь хамгийн их байна.
Прокурор эрх бүхий албан тушаалтны зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн 622 шийдвэрийг хянаж, 80 буюу 12.8 хувийг хүчингүй болгож, зөрчлийн хэрэг нээж, 2 буюу 0.3 хувийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцааж, 6 буюу 0.9 хувийг хүчингүй болгож, эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах байгууллагад шилжүүлсэн байна.
Мөн эрх бүхий албан тушаалтны зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон 43 шийдвэрийг хянаж, 6 буюу 13.9 хувийг хүчингүй болгож, зөрчлийн хэрэг бүртгэлтэд буцааж, 11 буюу 25.6 хувийг хүчингүй болгож, эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 1 буюу 2.3 хувьд нь эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, хэргийг мөрдөн шалгах байгууллагад шилжүүлж шийдвэрлэн тус тус хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээжээ.
Прокуророос хүний эрхийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхээр эрх бүхий албан тушаалтны үндэслэлгүй шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, өөрчлөлт оруулахаар 149 дүгнэлт бичиж, холбогдох хэрэг, материалын хамт шүүхэд шилжүүлсэн байна.
Зөрчлийн улмаас нийт 924,795,000 төгрөгийн хохирол учирснаас 389.386.000 төгрөг буюу 42.1 хувийг, үүнээс төр, нийтийн ашиг сонирхолд учирсан 136.006.000 төгрөгийн хохирлыг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад нөхөн төлүүлжээ.
Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд тавих хяналтын явцад зөрчлийн хууль тогтоомж зөрчсөн 12 зөрчлийг арилгуулахаар эрх бүхий байгууллагад 3 шаардлага хүргүүлжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба