ХҮҮХДИЙН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААНД ОРОЛЦОЖ, ХҮҮХДИЙН ЭРХИЙН ЗӨРЧЛИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ

A- A A+
ХҮҮХДИЙН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААНД ОРОЛЦОЖ, ХҮҮХДИЙН ЭРХИЙН ЗӨРЧЛИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Хүүхдийн төлөө орон нутгийн зөвлөлийн анхдугаар хуралдаанд оролцож,  Налайх дүүрэгт сүүлийн 3 жилд үйлдэгдсэн хүүхдийн эсрэг болон гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчлийн гаралт, шалтгаан нөхцөлийн талаар мэдээлэл хийлээ.

Тус хуралдаанд төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцож хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын чиглэлээр хэрэгжүүлсэн тайлан, судалгааг хэлэлцэж, цаашид хийх ажлын талаар санал солилцлоо. 

Тухайлбал, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, Хүүхдийн эсрэг болон гэр бүлийн хүчирхийллийн эсрэг гэмт хэрэг, зөрчлийн гаралт, Өсвөр насны охидын жирэмслэлт, нөхөн үржихүйн боловсрол, Сургуулийн орчны аюулгүй байдал, хүүхдийн оролцоо, Эцэг эхийн хариуцлага ба гэр бүлийн орчны нөлөө, Дугуйлан, секцийн хүртээмж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн оролцоо зэрэг сэдвээр оролцогч байгууллагуудаас танилцуулга мэдээлэл хийж, хүүхдийн эрхийн асуудлыг өргөн хүрээнд хэлэлцүүлсэн байна.

Прокуророос дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл болон дүүргийн Засаг даргатай хамтран эрх бүхий байгууллагуудаар хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр тодорхой ажил, арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ.

Хуралдаанаар хүүхдэд утаат болон электрон тамхи, сэтгэцэд нөлөөлөх бодис худалдаалах асуудалд хяналт тавих үйл ажиллагааг сайжруулах, хүүхэд бүрийн эрүүл аюулгүй, хөгжлийн таатай орчныг бүрдүүлэхэд анхаарч ажиллахаар болсон байна.