ГЭРИЙН ТЭЖЭЭВЭР АМЬТНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХАД АНХААРЧ АЖИЛЛАХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

A- A A+
ГЭРИЙН ТЭЖЭЭВЭР АМЬТНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХАД АНХААРЧ АЖИЛЛАХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Зөрчлийн тухай хуулийн 5.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний биед хохирол учруулсан” зөрчлийн гаралт, шийдвэрлэлтийг сүүлийн 3 жилийн байдлаар судалж, Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн хэрэгжилтийг шалгажээ.

Дээрх хугацаанд “Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний биед хохирол учруулсан” зөрчлийн талаарх 87 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгасан байна. Тодруулбал, гэрийн тэжээвэр амьтны буюу нохойгоо зориулалтын хошуувч, хүзүүвч, уяагүй байлгаснаас бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан 55 хүнд Зөрчлийн хуулийн 5.19 дүгээр зүйлд зааснаар шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ. 

Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Асран хамгаалагч, нохой, муур үржүүлэгч нь нохой, муурыг мал эмнэлгийн үйлчилгээний нэгжээр бичил чип суулгуулж, харьяа баг, хорооны Засаг даргад бүртгүүлнэ” гэж заасан байдаг ч зарим хороонд бүртгэл, хөтлөлт хангалтгүй байгаа нь тогтоогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас тус дүүргийн Хууль, эрх зүйн хэлтэс, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Хөдөө аж ахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн, мал эмнэлэг, 24 хороодын засаг даргын нарт шалгалтаар тогтоогдсон нөхцөл байдлыг танилцуулж, Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль, Зөрчлийн болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг хэрхэн хэрэгжүүлэн ажиллах талаар сургалт, хэлэлцүүлэг хийлээ. Мөн дээрх хууль тогтоомжийг иргэдэд сурталчлан таниулах, мэдээлэл хүргэх ажил, арга хэмжээг авах талаар санал солилцлоо.

Гэрийн тэжээвэр амьтны тухай хуульд заасны дагуу асран хамгаалагч нь гэрийн тэжээвэр нохойндоо тохирсон хүзүүвч, хошуувч, уяа хэрэглэх, бусдын эрх, амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахаас урьдчилан сэргийлэхийг тус дүүргийн прокурорын газраас уриалж байна.