Прокурорын байгууллагаас Зөрчлийн тухай хуулийн 8.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Төлбөр тооцооны алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, эд хөрөнгө, гээгдэл эд хөрөнгийг завшсан” зөрчлийг улсын хэмжээнд судалж үзэхэд, 2025 оны эхний 10 сарын байдлаар 485 зөрчил бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 120 буюу 32.9 хувиар өссөн байна.
Нийт бүртгэгдсэн зөрчлийн 346 буюу 71.3 хувь нь Нийслэлд, 139 буюу 28.7 хувь нь орон нутагт бүртгэгдсэн бөгөөд эрх бүхий албан тушаалтан 205 хүнд шийтгэл оногдуулж, 3 хүнд шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авахуулах саналтай шүүхэд шилжүүлсэн бол 18 хүнд эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.
Иргэд та бүхэн өөрийн харилцах дансанд орж ирсэн эх үүсвэр тодорхойгүй гүйлгээний орлого, андуурч ирсэн илгээмж, эд хөрөнгө, гээгдэл эд хөрөнгийн талаарх мэдээллийг холбогдох байгууллагад даруй мэдэгдэж, эзэмшигчид буцаах арга хэмжээ авч гэмт хэрэг, зөрчлийн холбогдогч болохоос урьдчилан сэргийлэхийг прокурорын байгууллагаас зөвлөж байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба