“ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ, ТУЛГАМДСАН АСУУДАЛ” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО

A- A A+
“ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ, ТУЛГАМДСАН АСУУДАЛ” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО

Улсын ерөнхий прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтэс, Цагдаагийн ерөнхий газрын Гэмт хэрэг, зөрчил шалгах алба, Дотоод хэргийн их сургуультай хамтран зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны эрх зүйн хөгжил, төлөвшил, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудлыг тодорхойлох, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, хэрэгжилт, үр нөлөөг сайжруулахад чиглэсэн санал, санаачилгыг дэмжих зорилгоор “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа.

Энэхүү эрдэм шинжилгээний хуралд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах эрх бүхий болон удирдах албан тушаалтан, прокурор, прокурорын байгууллагын ажилтан, эрдэмтэн, судлаачид 50 гаруй эрдэм шинжилгээ, судалгааны илтгэл ирүүлснээс 10 илтгэлийг хэлэлцүүллээ.

Тодруулбал, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Алтантүлхүүр, Багануур дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Ш.Баасандорж, Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Саранчимэг, Улсын дээд шүүхийн шүүгчийн туслах А.Болор, Цагдаагийн ерөнхий газрын Гэмт хэрэг, зөрчил шалгах албаны дарга Б.Оюутболд болон Дотоод хэргийн их сургуулийн багш нарын эрдэмтэн, багш, судлаачид зөрчлийн процессын эрх зүйн хөгжил, төлөвшил, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, практик хэрэгжилт, үр нөлөөний талаар илтгэлдээ онцолсон байна.