Багануур дүүргийн прокурорын газраас зохион байгуулж буй “Хүүхдийн эрх-Бидний үүрэг” аяны хоёрдугаар шатны хүрээнд “Хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчил гарах, өсвөр насны хүн гэмт хэрэг, зөрчилд холбогдох, сургуулийн орчин дахь үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрхийг хамгаалах арга зам” сэдэвт сургалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Тус сургалт, хэлэлцүүлэгт Монгол Улсын гавьяат багш, хүүхэд, гэр бүл судлаач, доктор, дэд профессор Х.Баавгай “Боловсролын салбар дахь хүүхэд хамгаалал”, “XXI зууны багшийн ур чадвар, хандлага, хүүхэдтэй харьцах нь”, Монголын Криминологчдын холбооны удирдах зөвлөлийн дарга, хууль зүйн ухааны доктор, профессор Б.Батзориг “Хүүхэд хохирсон, холбогдсон гэмт явдлын шалтгаан нөхцөл, урьдчилан сэргийлэх нь” сэдвээр, мөн дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор Ш.Баасандорж “Багануур дүүргийн 2025 оны 10 сарын байдлаар хүүхэд хохирсон, холбогдсон гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал, анхаарах асуудал” сэдвээр тус тус сургалт хийжээ.
Сургалтад Багануур дүүргийн ерөнхий боловсролын 3 сургуулийн 122 багш, сурган хүмүүжүүлэгчид, 5 хорооны хамтарсан багийн гишүүд, Цагдаагийн хэлтэс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс, Хүүхэд, гэр бүл, хөгжил хамгааллын хэлтэс, Боловсролын хэлтсийн холбогдох 41 алба хаагч, нийт 163 хүн хамрагдсан байна
Цаашид дүүргийн хэмжээнд хүүхдийн эрх зөрчигдөж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, үе тэнгийн дээрэлхэлтийг бууруулах, хүүхэд гэмт хэрэг, зөрчилд өртөх, холбогдохоос урьдчилан сэргийлэх, төрийн болон боловсролын байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах талаар нэгдсэн шийдэлд хүрчээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба