Улсын ерөнхий прокурорын газраас Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан прокуроруудын нэгдсэн зөвлөгөөнийг /2025.11.28/ Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнд зохион байгууллаа. Зөвлөгөөнд Улс, аймаг, нийслэл, тээвэр, дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч, ахлах болон сум дундын прокурорын газрын ерөнхий прокурорууд оролцлоо.
Зөвлөгөөний үеэр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт, хүний эрх, эрх чөлөө, халдашгүй байдлыг хангах, хууль тогтоомжийг нэг мөр хэрэгжүүлэх хүрээнд харилцан мэдээлэл солилцож, тулгамдсан асуудал болон тэдгээрийн шийдлийг хэлэлцсэн нь уг арга хэмжээний гол онцлог байв.
Түүнчлэн технологийн дэвшил, хиймэл оюун ухааныг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ашиглах боломж, нөхцөл, бусад орны туршлагыг судлах зорилгоор “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд технологийн дэвшлийг ашиглах”, “Хиймэл оюун ухааныг ажлын хэрэгцээнд ашиглах” зэрэг сэдвээр мэдээлэл хийж, хэлэлцүүлэг өрнүүлсэн нь цаг үеийн хэрэгцээ шаардлагад нийцсэн арга хэмжээ боллоо.
Хүүхдийн эрхийн тухай конвенци, НҮБ-аас баталсан насанд хүрээгүй хүмүүсийн талаарх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах жишиг дүрэмд заасны дагуу хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангах, хүүхдийн эрх, аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавих зарчмыг хэрэгжүүлж ажиллах асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ.
Тус зөвлөгөөнд Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн шалгах алба, Эрүүгийн цагдаагийн алба, Гэмт хэрэг зөрчил шалгах албаны удирдлагууд оролцож, цагдаагийн байгууллагын бүтэц зохион байгуулалт, хэрэгжүүлсэн ажил арга хэмжээний талаар танилцуулж, санал солилцов.
Зөвлөгөөний төгсгөлд хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх бодлого чиглэл, хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойллоо.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба