“ТӨВИЙН БҮСИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА” СЭДЭВТ БҮСИЙН ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
“ТӨВИЙН БҮСИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА” СЭДЭВТ БҮСИЙН ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Дархан-Уул аймгийн прокурорын газар тус аймаг дахь Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран Дархан-Уул аймаг дахь Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 60 жилийн ойн хүрээнд төвийн бүсийн зөвлөгөөн зохион байгууллаа. Зөвлөгөөнд төвийн бүсийн аймгууд болох Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн ГХУСАЗСЗ-ийн дарга, гишүүд, ажлын алба, хууль сахиулах байгууллагууд, орон нутгийн төр, хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөлөл оролцсон.  

Зөвлөгөөний үеэр Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн ГХУСАЗСЗ-ийн дарга нар санамж бичигт гарын үсэг зурах арга хэмжээ болов. Энэхүү санамж бичгийн хүрээнд хамтарсан сургалт, уулзалтыг зохион байгуулах, туршлага судлах, төвийн бүсийн хэмжээнд нийтлэг үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг тогтоох, хамтран нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээ авах, хяналт шалгалт хийх, соён гэгээрүүлэх арга хэмжээг зохион байгуулах, аймгуудын хууль, хяналтын байгууллагуудын үйл ажиллагаанд хамтран дэмжлэг үзүүлэх зэрэг ажлуудыг тусгажээ.

Мөн бүсийн зөвлөгөөнөөс зам тээврийн осол, зөрчлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зөвлөмж гаргав. Тодруулбал, хот хоорондын замын нөхцөл байдлыг сайжруулах, хөдөлгөөн зохицуулах тэмдэг, тэмдэглэгээ, гэрэлтүүлэг, хяналтын камержуулалтыг нэмэгдүүлэх, орон нутгийн замд амрах зогсоолын талбай, туузан хаалтыг бий болгох, замын огцом эргэлтийг багасгах, автозамын арчлалт, засварын ажлыг сайжруулах, хууль бусаар хот хооронд болон хот дотор зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлж буй асуудлыг зогсоох, зам тээврийн осол, зөрчил их гардаг, анхаарал татсан цэгүүдэд замын цагдаагийн хөдөлгөөнт пост ажиллуулах, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриалсан арга хэмжээнүүдийг авах зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөсөн байна.