1.ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН 95 ЖИЛИЙН ОЙ ТОХИОВ
1930 онд БНМАУ-ын VI Их Хурлаас прокурорын албан тушаалыг бий болгох шийдвэр гарснаар Монгол Улсын прокурорын байгууллага үүсгэн байгуулагдаж, түүхт ойгоо тэмдэглэн өнгөрүүлэв.
2.ГАВЬЯАТ ХУУЛЬЧ ТӨРӨВ
Монгол Улсын хөгжил дэвшил, хууль дээдлэх ёсыг сахиулах, шударга ёсыг бэхжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулж, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн хамгаалах албан үүргээ нэр төртэй биелүүлсэн прокурор Д.Баянжаргал, Д.Сарантуяа, ахмад прокурор Г.Бахдал нар гавьяат хуульч цолоор шагнагдав.
3.ОЛОН УЛСЫН ПРОКУРОРУУДЫН ХОЛБООНЫ БҮСИЙН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ
Олон Улсын Прокуроруудын холбооны Зүүн Европ, Төв Азийн бүс нутгийн 10 дугаар хурал Улаанбаатар хотноо “Хууль дээдлэх ёсыг сахин хамгаалахад прокурорын үүрэг” сэдвийн хүрээнд амжилттай зохион байгуулагдав.
4.ОЛОН УЛСЫН ПРОКУРОРУУДЫН ХОЛБОО 30 ЖИЛИЙН ОЙН БАЯРАА ТЭМДЭГЛЭВ
Улс орнуудын хуульч, прокуроруудыг эгнээндээ нэгтгэн, хууль дээдлэх ёсыг дэлхий дахинд сахин хамгаалах үйлсэд манлайлан ажиллаж ирсэн Олон Улсын Прокуроруудын холбооны 30 жилийн ойн баярыг Монгол Улсад тэмдэглэн өнгөрүүлэв.
5.ДУРСГАЛЫН МАРК БҮТЭЭВ
Дэлхийн прокуроруудын эв нэгдэл, хамтын үнэт зорилгыг илэрхийлсэн Олон Улсын Прокуроруудын холбооны 30 жил, Монголын прокурорын байгууллагын 95 жилийн түүхт ойд зориулсан хэлхээ марк бүтээн гаргаж, олон улсын шуудангийн гүйлгээнд нэвтрүүлэв.
6.ЦАХИМ ШИЛЖИЛТИЙН ХОЁРДУГААР ҮЕ ШАТЫГ ЭХЛҮҮЛЭВ
Зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санг улсын хэмжээнд 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэвтрүүлэх хөгжүүлэлтийн ажлыг дуусгаж, ХБНГУ-ын дижитал нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны туршлагыг судалж, хавтаст хэргийг цахимжуулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг эхлүүлэв.
7.ОЛОН УЛСЫН ПРОКУРОРУУДЫН ХОЛБООНЫ “ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ” ХҮРТЭВ
Сингапур Улсад зохион байгуулагдсан Олон Улсын Прокуроруудын холбооны 30 дугаар нэгдсэн чуулганаар олон улсын хурлыг Монгол Улсад өндөр түвшинд, амжилттай зохион байгуулсныг үнэлж, Олон Улсын Прокуроруудын холбооноос Монгол Улсын ерөнхий прокурорт “Хүндэт өргөмжлөл” гардуулав.
8. ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР, САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАВ
Монгол Улсын ерөнхий прокурорын газар Бүгд Найрамдах Сингапур Улсын ерөнхий прокурорын танхимтай хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Мөн Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ардын дээд прокурорын газрын ерөнхий прокурор Нгуен Хүй Тиен Монгол Улсад айлчилж, хамтын ажиллагааны хөтөлбөр байгуулснаар олон улсын прокурорын байгууллагуудтай харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлж, туршлага солилцох боломж бүрдэв.
9.ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭВ
Ази-Номхон далайн бүсийн хөрөнгө буцаах байгууллага хоорондын сүлжээ /АРИН-АП/-ний нэгдсэн чуулганд “Хөрөнгийн менежментийн эрх зүйн зохицуулалт, чиг хандлага, үр нөлөө, нээлттэй байдлыг хангах нь: Прокурорын үүрэг ба Монгол Улсын жишээ” сэдвээр илтгэл хэлэлцүүлэв.
10.ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАВ
“Хүний эрх ба прокурор” сэдвийн дор иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүдтэй уулзалт, ярилцлага зохион байгуулсан нь хүний эрхийг хангах чиглэлээр хамтран ажиллах ажил эрчимжих нөхцөл бүрдэв.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба