ХЯЛБАРШУУЛСАН ЖУРМААР ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ЖУРМЫН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
ХЯЛБАРШУУЛСАН ЖУРМААР ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ  ЖУРМЫН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ  ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Улсын ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газартай хамтран 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх чиглэлээр хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Энэхүү хэлэлцүүлгийн зорилго нь хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг нэг мөр хэрэгжүүлэх бодлого чиглэлийг тодорхойлж, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг шуурхай сэргээх үр нөлөөг дээшлүүлэхэд чиглэгдсэн.

Хэлэлцүүлэгт Улсын ерөнхий прокурорын газар, Улсын дээд шүүх, Хууль зүй, дотоод хэргийн яам, Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар, Шүүх шинжилгээний ерөнхий газар, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх, Нийслэл, тээвэр, дүүргийн прокурорын газрын албан тушаалтнууд оролцож, санал солилцов.

Тодруулбал, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь уламжлалт арга хэлбэрийг өөрчлөн, процессын тодорхой үйл ажиллагааг багасгах, хэргийг богино хугацаанд шийдвэрлэх, хүн, хуулийн этгээдийн зөрчигдсөн эрхийг шуурхай сэргээх, хохирол нөхөн төлүүлэх асуудлыг чухалчилж, эрх зүйн орчин, хууль хэрэглээнд тулгамдаж буй нөхцөл байдал, шийдвэрлэх үйл ажиллагааг тодорхойлсон онцлог үйл явдал боллоо.

Хэлэлцүүлэгт танилцуулсан мэдээлэл, саналыг үндэслэн, эрүүгийн хууль тогтоомжийг нэг мөр хэрэгжүүлэх, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж, хүн,  хуулийн этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээх чиглэлээр прокурор, цагдаагийн байгууллага хамтарсан зөвлөмж гаргахаар шийдвэрлэжээ.

Дашрамд дурдахад, улсын хэмжээнд 2025 оны байдлаар яллах дүгнэлт үйлдэж,  шүүхэд шилжүүлсэн нийт хэргийн 5,440 буюу 31.4 хувийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн нь өмнөх оноос 6 хувиар өссөн байна.