Улсын ерөнхий прокурорын газрын Хүний эрхийн бодлогын газар, Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгээс “Эрүү шүүлт тулгах гэмт хэрэг, олон улсын эрх зүйн зохицуулалт” сэдэвт сургалтыг Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх Үндэсний ажиллагаатай хамтран 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр зохион байгууллаа.
Эрүү шүүлт тулгах гэмт хэрэг, олон улсын эрх зүйн зохицуулалтын талаарх прокуроруудын мэдлэгийг бататгах, шинэ мэдлэг, мэдээлэл олгоход чиглэсэн энэхүү сургалтын нээлтэд Улсын ерөнхий прокурорын орлогч, төрийн хууль цаазын шадар зөвлөх М.Чинбат, Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд, Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн, доктор (Ph.D), профессор Я.Цэлмэн нар оролцлоо.
Сургалтад “Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх нийгэмлэг” олон улсын байгууллагын хяналтын ахлах зөвлөх Бен Бакланд “Эрүү шүүлт тулгах гэмт хэрэг, олон улсын эрх зүйн зохицуулалт” сэдвээр, Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, доктор (Ph.D) Ш.Үнэнтөгс “Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаа” зэрэг сэдвүүдээр сургалт орж, харилцан мэдээлэл солилцлоо.
Улсын Ерөнхий прокурорын газар, аймаг, нийслэл, тээвэр, дүүрэг, сум дундын прокурорын газрын нийт 480 прокурор, ажилтан сургалтад танхим болон цахим хэлбэрээр хамрагджээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба