Улсын ерөнхий прокурорын газрын Зөрчлийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах газраас Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын нийслэл болон орон нутагт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж буй эрх бүхий албан тушаалтнууд болох газар, геодези, зурагзүйн хяналтын улсын байцаагч нарт “Зөрчил шалган шийдвэрлэхэд анхаарах асуудал” сэдвээр 2026 оны 05 дугаар сарын 05-ны өдөр сургалт зохион байгууллаа.
Тус сургалтаар төрийн хяналт шалгалт болон зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагааны ялгаа, онцлог, газар, геодези, зурагзүйтэй холбоотой зөрчлийг шалгах явцад бусдад хохирол учруулсан байдал, түүнийг тооцох журам, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх, зөрчлийн улмаас үүссэн үр дагаврыг арилгуулах арга хэмжээ авах, ажиллагааны явцад гарсан зардлыг тооцох, буруутай этгээдээр төлүүлэх, торгох шийтгэлийн биелэлтийг хангуулах ажиллагааны талаар мэдээлэл өглөө.
Мөн улсын хэмжээнд 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэглээнд нэвтэрсэн “Зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан”-д бүртгэл хийх, ашиглахтай холбоотой анхаарах асуудлаар харилцан мэдээлэл солилцлоо.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба