ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ИЛТГЭЛИЙН УРАЛДААНЫГ ДӨРӨВ ДЭХ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ИЛТГЭЛИЙН УРАЛДААНЫГ ДӨРӨВ ДЭХ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгээс санаачлан Монголын Хуульчдын холбоотой хамтран дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй оюутны эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаан “Цахим орчин дахь хүний эрхийн хамгаалалт ба гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын чиг хандлага” сэдвийн хүрээнд  хоёр үе шаттай зохион байгуулагдлаа. 

Эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаан нь цахим орчин дахь хүний эрхийн хамгаалалт, цахим хэрэгсэл ашиглан үйлдэгдэж буй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын талаар судалгааны ажил хийх, их сургуулийн оюутнуудын санал, санаачилгыг дэмжих, илтгэх ур чадвар, арга барилыг нэмэгдүүлэх, цахим орчинд хүний эрхийг хүндэтгэх, өөрөө болон бусдыг эрсдэлд оруулахгүй байх талаар мэдээлэл түгээх, сэрэмжлүүлэх, урьдчилан сэргийлэх, оюутнуудад хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа, прокурорын хяналтын ажлын онцлогийг таниулах зорилгоор зохион байгуулагдсан юм.

Илтгэлийн уралдаанд МУИС-ийн Хууль зүйн сургууль, Дотоод хэргийн их сургууль, Санхүү, эдийн засгийн их сургууль, Шихихутуг их сургууль, Их засаг их сургуулийн Хууль зүйн сургууль, Олон Улсын Улаанбаатарын их сургууль, ОХУ-ын Прокурорын их сургуулийн харьяа Эрхүү мужийн Хууль зүйн сургууль, Орхон их сургууль,Отгонтэнгэр их сургууль, Сити их сургууль, ШУТИС-ийн Мэдээлэл холбооны технологийн сургууль болон Гадаад хэлний сургууль зэрэг нийт 12 сургуулийн 78 оюутан 52 илтгэл ирүүлжээ.

Эрдэм шинжилгээний илтгэлийн уралдааны хоёрдугаар шатанд 8 илтгэл шалгарч, 2026 оны 5 дугаар сарын 14-ний өдөр илтгэлүүдийг хэлэлцүүллээ.

Уралдааны тэргүүн байранд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутан Т.Анужин, Э.Жавзмаа нарын “Цахим орчин дахь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг хандлага ба мэдлэг, боловсролын харьцуулсан судалгаа” сэдэвт илтгэл, дэд байранд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутан Г.Анхзаяагийн “Цахим орчин дахь хүний эрхийн хамгаалалт: Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийг боловсронгуй болгох асуудал” сэдэвт илтгэл, гутгаар байранд Дотоод хэргийн их сургуулийн Хууль зүйн сургуулийн оюутан Г.Цэдэнгийн “Цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд хиймэл оюуныг ашиглах боломж, үр нөлөө” сэдэвт илтгэл тус тус шалгарлаа.

Мөн тусгай байранд  МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутан Д.Ану, Е.Мөнхжин нарын “Цахим орчин дахь мөрдөн мөшгөх үйлдэл ба хүний халдашгүй байх эрх: Эрүүгийн хуулийн 13.12 дугаар зүйлийн хэрэглээ, олон улсын эрх зүйн зохицуулалт” сэдэвт илтгэл, Шихихутуг Их сургуулийн оюутан А.Буянчимэг, Б.Халиун нарын “Төрийн үйлчилгээний нэгдсэн систем дэх хүний эмзэг мэдээллийг хамгаалах эрх зүйн зохицуулалт, тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт илтгэл шалгарлаа.