МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Улсын ерөнхий прокурорын газраас Хил хамгаалах ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Дотоодын цэргийн штабтай хамтран 2026 оны 6 дугаар сарын 10-ны өдөр “Цэргийн албаны эсрэг гэмт хэрэг” сэдэвт прокурорыг мэргэшүүлэх сургалтыг танхим болон цахим хэлбэрээр улсын хэмжээнд зохион байгууллаа.

Энэхүү сургалт нь цэргийн албаны эсрэг гэмт хэргийг шалган шийдвэрлэхэд эрүүгийн хууль тогтоомжийн хэрэглээний нэгдмэл байдлыг хангах, мөрдөн шалгах ажиллагаанд тавих прокурорын хяналт, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын чанар, үр нөлөөг дээшлүүлэхэд чиглэгдсэн байна.

Тус сургалтад аймаг, нийслэл, дүүрэг, сум дундын прокурорын газрын прокурорууд, Зэвсэгт хүчний жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Дотоодын цэргийн штабын алба хаагч нар хамрагдлаа.

Сургалтад Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн, доктор, дэд профессор Б.Энхболд, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Галбадар, Хил хамгаалах ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа М.Батсайхан, Зэвсэгт хүчний жанжин штабын Захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтсийн дарга, хошууч Б.Мөнхбат, Дотоодын цэргийн штабын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Х.Наранбаатар, Улсын Ерөнхий Прокурорын газрын Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Д.Нямдэлэг нар цэргийн албаны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн онцлог, хууль хэрэглээ, шүүхийн практик, урьдчилан сэргийлэх ажлын чиглэлээр сургалт орж, мэдээлэл хийн, оролцогчидтой санал солилцож, хэлэлцүүлэг өрнүүлсөн байна.