“ХАР ТАМХИ, МАНСУУРУУЛАХ БОДИСТОЙ ХОЛБООТОЙ ГЭМТ ХЭРГИЙН ОНЦЛОГ, ОЛОН УЛСЫН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

A- A A+
“ХАР ТАМХИ, МАНСУУРУУЛАХ БОДИСТОЙ ХОЛБООТОЙ ГЭМТ ХЭРГИЙН ОНЦЛОГ, ОЛОН УЛСЫН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт судалгааны хүрээлэнгээс Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яамтай хамтран “Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн онцлог, Олон улсын эрх зүйн зохицуулалт” сэдэвт сургалтыг 2026 оны 6 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Сургалтад Улс, Нийслэл, Тээвэр, аймаг, дүүргийн прокурорын газрын прокурорууд, Цагдаагийн ерөнхий газар, Гаалийн ерөнхий газрын алба хаагч нар хамрагдаж байна.

Сургалтад АНУ-ын Хар тамхитай тэмцэх албаны БНХАУ болон Монгол Улсыг хариуцсан атташе Мэттью Шайтлин, гүйцэтгэх ажлын судалгааны мэргэжилтэн Кэмбри Уильямс, Хууль зүйн яамны Холбооны прокурор Моник Ботеро, Хил, гаалийн хяналтын албаны атташе Эдвард Байрон, Загас, зэрлэг амьтан хамгаалах албаны атташе Жэйсон Битти, Хар тамхитай тэмцэх албаны тусгай агент Жейкоб Маунт нар оролцож, хар тамхины хууль бус эргэлт, синтетик мансууруулах бодисын тархалт, хилээр хууль бусаар нэвтрүүлэх үйлдлийг илрүүлэх арга, ажиллагаа болон үндэстэн дамнасан гэмт бүлэглэлүүдийн талаар мэдээлэл өгч, харилцан санал солилцлоо.

Сургалтын үеэр АНУ-ын Хар тамхитай тэмцэх албанаас мөрдөн шалгасан бодит хэрэг дээр тулгуурлан хэлэлцүүлэг өрнүүлж, мөн Буянт-Ухаа дахь гаалийн хяналтын бүсийн карго ачаанд хяналт шалгалт хийх үйл явцтай танилцах юм.

Энэхүү сургалт нь хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хамтын ажиллагааг бэхжүүлэх, олон улсын сайн туршлагыг судлах, танилцахад дэмжлэг үзүүлсэн ач холбогдолтой сургалт болж байна.