Улсын ерөнхий прокурорын газраас санаачлан Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар, Монголын Хуульчдын холбоотой хамтран зохион байгуулж буй “Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэхэд прокурорын гүйцэтгэх үүрэг: Хууль бус хөрөнгийг мөшгөх, буцаан авах ба хүлээлгэх хариуцлагын тогтолцоо” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал (2026.06.16) Улаанбаатар хотноо боллоо.
Тус хурлын гол зорилго нь зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагаанд прокурорын гүйцэтгэх үүрэг, хууль бусаар олсон хөрөнгийг мөшгөх, царцаах, хураах, буцаан авах болон холбогдох хариуцлагын тогтолцооны эрх зүйн зохицуулалт, практик хэрэгжилт, хамтын ажиллагаанд тулгамдаж буй асуудал, тэдгээрийг шийдвэрлэх үр нөлөөтэй арга замыг тодорхойлоход оршиж байна.
Хуралд Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Улсын Их Хурлын гишүүн О.Алтангэрэл, Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Феликс Гленк нар оролцож, хурлын ач холбогдол агуулгыг тодотгож үг хэллээ.
Хурлын үндсэн илтгэлийг Чингис хаан одонт, Шинжлэх Ухааны академийн жинхэнэ гишүүн, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор С.Нарангэрэл “Олон Улсын шинжтэй зохион байгуулалттай гэмт хэрэг ба Монгол Улс дахь өнөөгийн нөхцөл байдал” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүллээ.
Мөн хууль бусаар хөрөнгийг мөшгих, буцаан авах, тулгарч буй сорил, прокурорын үүрэг оролцооны талаар ХБНГУ-ын Бавари мужийн Мюнхений прокурорын газрын Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх, хөрөнгө буцаах газрын дарга Хильдегард Боймлер-Хёсл, БНСВУ-ын Ардын дээд прокурорын газрын Эдийн засаг, авлигын гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих газрын дарга Дао Динк Чаонг, Бүгд Найрамдах Азербайжан Улсын ерөнхий прокурорын газрын Тусгай хураан авах ажиллагааны зохион байгуулах газрын орлогч дарга Гюнай Айюбова нар илтгэл хэлэлцүүллээ.
Олон улсын эрдэм шинжилгээний хуралд НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба, Олон Улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (IDLO), Транспэрэнси Интернэшнл Монгол ТББ-ын төлөөлөл, Монгол Улсад тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар Улсын ерөнхий прокурорын газар, Улсын дээд шүүх, Кибер аюулгүй байдлын зөвлөл, Тагнуулын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар, Монгол банкны Санхүүгийн мэдээллийн алба, Санхүүгийн зохицуулах хороо, УИХ-ын тамгын газрын Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдаас ирүүлсэн 16 илтгэл хэлэлцүүлсэн юм.
Тус олон улсын эрдэм шинжилгээний хуралд төр, хувийн хэвшлийн байгууллагууд, олон улсын төсөл, хөтөлбөрийн судлаач, эрдэмтэн, шүүгч, прокурор, хууль сахиулагч зэрэг 120 орчим хүн оролцлоо.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба