УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗАР, ОЛОН УЛСЫН ЭРХ ЗҮЙН ХӨГЖЛИЙН БАЙГУУЛЛАГА ХООРОНД ХАМТРАН АЖИЛЛАХ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

A- A A+
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗАР, ОЛОН УЛСЫН ЭРХ ЗҮЙН ХӨГЖЛИЙН БАЙГУУЛЛАГА ХООРОНД ХАМТРАН АЖИЛЛАХ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Монгол Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Чарльз Болландыг хүлээн авч, уулзлаа.

Уулзалтын үеэр, Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын зүгээс шүүх эрх мэдэл, хууль сахиулах байгууллагын алба хаагчдыг сургах, чадавхжуулах, олон нийтэд нөлөөлөх чиглэлээр үр дүнтэй ажиллаж байгаад талархал илэрхийлж, цаашид прокурорын байгууллага идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийллээ.

Мөн Улсын ерөнхий прокурорын газар болон Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага хооронд хэрэгжүүлж буй “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь” II шатны төслийн хэрэгжилтийн тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн хүрээнд, Монгол Улсад гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хууль эрх зүйн орчныг сайжруулах, хохирогч төвтэй хандлагыг төлөвшүүлэх, иргэд, олон нийтийн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх, салбар дундын ажлын уялдаа холбоо, хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.