2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛ- ПРОКУРОР ЗӨРЧИЛ БОЛОН ЭРҮҮГИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ АЖИЛЛАГААНЫ ЯВЦАД 264 ХҮНИЙ ЗӨРЧИГДСӨН ЭРХИЙГ СЭРГЭЭЖЭЭ

A- A A+
2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛ- ПРОКУРОР ЗӨРЧИЛ БОЛОН ЭРҮҮГИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ АЖИЛЛАГААНЫ ЯВЦАД 264 ХҮНИЙ ЗӨРЧИГДСӨН ЭРХИЙГ СЭРГЭЭЖЭЭ

Прокурорын байгууллага 2026 оны эхний хагас жилд хорих ял эдэлж буй 6,346, хорихоос өөр төрлийн ял эдэлж буй 20,693 хүн, тэнсэх болон албадлагын арга хэмжээ авагдсан 6,143 хүн, эрүүгийн хариуцлага оногдуулсан 40 хуулийн этгээдэд, мөн зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан 22,645 хүн, 478 хуулийн этгээдэд тус тус хяналт тавьж ажилласан.

Прокурор зөрчил болон эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавих чиглэлээр хууль тогтоомжийн хэрэгжилттэй 3,168 удаа танилцаж, 344 шалгалт, 69 судалгаа хийж, 1,683 зөрчил илрүүлж, зөрчлийг арилгуулахаар 111 прокурорын шаардлага хүргүүлэн, эрх нь зөрчигдсөн 264 хүний эрхийг сэргээсэн байна.

Тухайлбал, хоригдолд нэрийн данс нээгээгүй, зарлагын гүйлгээг үндэслэлгүйгээр битүүмжилсэн, ялтнаар шүүхээс тогтоосон хэмжээнээс илүү торгууль төлүүлсэн, прокурорын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлүүлсэн, эрх хасах шийтгэлийн хугацаа дууссан байхад шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгаагүй, иргэнийг хуульд заасан үндэслэлгүйгээр саатуулсан, гэрээний дагуу хөдөлмөр эрхэлсэн баривчлагдсан  этгээдэд цалин хөлс олгоогүй, нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн ялтны хөдөлмөр эрхлэх  нөхцлийг бүрдүүлээгүй зэрэг зөрчлүүдийг илрүүлж, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авсан. 

Мөн Бүгд Найрамдах Хятад Ард Улсад хорих ял эдэлж буй Монгол Улсын нэр бүхий 7 иргэн эх орондоо ялаа үргэлжлүүлэн эдлэх хүсэлт гаргасны дагуу хорих ялаас эдлээгүй үлдсэн ялыг Монгол Улсад үргэлжлүүлэн эдлүүлэх, шилжүүлэн авах ажлыг эхлүүлж, дээрх иргэдийг шилжүүлэн аваад байна.