Прокурорын байгууллагаас “Хамгаалсан байгаль-бидний ирээдүй” нөлөөллийн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байгаа билээ.
Энэ хүрээнд байгаль орчин, амьтан, ургамлыг хамгаалах журмын эсрэг зөрчлийн гаралт, шийдвэрлэлтийг сүүлийн 5 жилийн байдлаар судалгаа хийсэн.
Улсын ерөнхий прокурорын газрын Зөрчлийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах газраас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Байгаль орчны улсын хяналтын газар, аймаг, нийслэлийн Байгаль орчны газар, нийслэлийн Агаар орчны бохирдолтой тэмцэх газар, Усны газар болон Сав газрын захиргаад, Цаг уур, орчны шинжилгээний газар, Улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргаа, сумдын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн эрх авсан эрх бүхий албан тушаалтнуудад “Байгаль орчин, амьтан, ургамлыг хамгаалах журам”-ын эсрэг зөрчил, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд анхаарах асуудал, хууль хэрэглээний нэгдмэл ойлголт” сэдвээр 2026 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр танхимаар болон цахим хэлбэрээр улсын хэмжээнд сургалт зохион байгууллаа.
Энэхүү сургалт нь зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгаль орчны хяналтын улсын байцаагч болон байгаль хамгаалагч нарыг мэргэшүүлэх, “Байгаль орчин, амьтан, ургамлыг хамгаалах журам”-ын эсрэг зөрчлийг шалган шийдвэрлэх чадавхыг дээшлүүлэхэд чиглэгдсэн бөгөөд сургалтаар дээрх зөрчлийг шалгахад анхаарах асуудал, зөрчлийн улмаас төр, нийтийн ашиг сонирхолд учирсан хохирол, нөхөн төлбөрийг төлүүлэх, зөрчлийн улмаас үүссэн үр дагаврыг арилгуулах арга хэмжээ авах, ажиллагааны явцад гарсан зардлыг тооцох, буруутай этгээдээр төлүүлэх, торгох шийтгэлийн биелэлтийг хангуулах зэргээр хууль хэрэглээний нэгдсэн ойлголтын талаар мэдээлэл өгч, практикт тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцлоо.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба