Прокурорын байгууллагаас Азийн сантай хамтран “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх чадавхыг бэхжүүлэх” сургалтыг Нийслэл, дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорууд, Экологийн цагдаагийн албаны мөрдөгч нарыг хамруулан 2026 оны 9 дүгээр сарын 24, 25-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Энэхүү сургалтад Прокурорын байгууллага, Шүүх шинжилгээний ерөнхий газар, Экологийн цагдаагийн алба, Дотоод хэргийн их сургуулийн сургагч багш нар хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн ойлголт, эрхзүйн зохицуулалт, гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал, энэ төрлийн гэмт хэрэгт хийгдэж байгаа шинжилгээ, мөрдөн шалгах ажиллагаа болон прокурорын хяналтын ажлын чиглэлээр анхаарах асуудал зэрэг сэдвийн хүрээнд сургалт орж, мэдээлэл өглөө.
Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн судалгаанд үндэслэн мөрдөгч, прокурорын мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн гаралт шийдвэрлэлтэд хийсэн дүн шинжилгээ” судалгааны хураангуй тайланг боловсруулж, Азийн сангийн дэмжлэгтэйгээр хэвлэлтэд гаргасан.
Уг тайланд хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг гарч буй шалтгаан нөхцөл, үйлдэгдэж буй арга хэлбэр, энэ төрлийн гэмт хэргийг мөрдөн шалгах болон прокурорын хяналтын явцад анхаарах асуудал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд жишиг болохуйц шүүхийн шийдвэр зэргийг багтаажээ.
УЕПГ-ЫН ДЭРГЭДЭХ СУРГАЛТ, СУДАЛГААНЫ ХҮРЭЭЛЭНГИЙН СУДАЛГААНЫ АЛБАНЫ ХЯНАЛТЫН ПРОКУРОР Ч.ХАНДААМАА:
УЕПГ-ын газар, хэлтсүүдээс хамтран хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн судалгааг сүүлийн 5 жилийн байдлаар судалсан. Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгээс сургагч багш нараа бэлтгэж, дээрх судалгааны ажлыг эргэлтэд оруулах зорилгоор мөрдөгч, прокурор, мэргэжлийн судлаачдад зориулж судалгааны тайланг хураангуйлан гаргаад байна.
Энэхүү судалгааны тайлан нь тодорхой төрлийн гэмт хэрэг болох хууль бусаар ашигт малтмал хайх олборлох, хууль бусаар ан агнах, хууль бусаар мод бэлтгэх, байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэргийн гаралт шийдвэрлэлт, мөрдөн шалгах ажиллагаанд тулгамдаж буй асуудал, хууль эрх зүйн зохицуулалтыг нэг мөр ойлгох хэрэглэх зэрэг практик ач холбогдолтой, мөрдөгч, прокурор нарын ширээний ном, гарын авлага болж чадсан. Уг тайланг мөрдөн шалгах ажиллагаандаа ашигласнаар дээрх төрлийн гэмт хэргийг шалган шийдвэрлэх арга, аргачлал сайжирч, хохирол нөхөн төлбөр нэмэгдэж, хуулийн зохицуулалтыг зөв зүйтэй хэрэглэх, цаашлаад хэргийн шийдвэрлэлтийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба