Улсын ерөнхий прокурорын газар, Азийн сан хамтран “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хүрээнд “Авлига, мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх нь” сэдэвт сургалт, хэлэлцүүлгийг 2026 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр зохион байгуулж байна.
Тус арга хэмжээнд Хууль зүй, дотоод хэргийн яам, Улсын дээд шүүх, Улс, Нийслэл, дүүргийн прокурорын газар болон УЕПГ-ын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэн, Азийн сан, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын төлөөллөөс бүрдсэн 80 орчим хүн оролцож байна.
Хэлэлцүүлгийн үеэр “Хамтарсан мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх зүйн зохицуулалт”, “Албаны эрх нөлөөг урвуулан ашиглах гэмт хэрэгт тооцох эрх зүйн зохицуулалтын хэрэгцээ, шаардлага”, “Авлигын гэмт хэрэгт хамтран ажиллах этгээдээр тогтоох талаарх олон улсын болон гадаад улсын эрх зүйн зохицуулалт”, “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хуулийн этгээдэд давуу байдал бий болгосон гэмт хэргийн шийдвэрлэлт”-ийн талаарх судалгааны дүнг танилцуулж, оролцогчид санал, дүгнэлтээ солилцлоо.
Мөн мөрдөгч, прокурорын мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор Улсын ерөнхий прокурорын газраас “Санхүүгийн мөрдөн шалгах ажиллагаа”, “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг мөрдөн шалгах”, “Үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийг мөрдөн шалгах”, “Авлига, мөнгө угаах гэмт хэргийн замаар олсон хөрөнгө, орлогыг хураах, гадаад улсаас хууль бус хөрөнгийг илрүүлэх, буцаан авах” зэрэг сэдвээр сургалт зохион байгуулж, оролцогчид харилцан мэдээлэл солилцлоо.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба