Н.ӨНӨРБАЯР: ХУУЛЬ БУСААР АШИГТ МАЛТМАЛ АШИГЛАХ ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН ХҮНД ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХЭЭС ГАДНА АШИГЛАСАН ТЕХНИК ХЭРЭГСЭЛ, ЭД ЗҮЙЛИЙГ УЛСЫН ОРЛОГО БОЛГОДОГ

A- A A+
Н.ӨНӨРБАЯР: ХУУЛЬ БУСААР АШИГТ МАЛТМАЛ АШИГЛАХ ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН ХҮНД ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХЭЭС ГАДНА АШИГЛАСАН ТЕХНИК ХЭРЭГСЭЛ, ЭД ЗҮЙЛИЙГ УЛСЫН ОРЛОГО БОЛГОДОГ

Прокурорын байгууллагаас Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийг сүүлийн 5 жилийн байдлаар судлахад хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэг 1290 бүртгэгдэн шалгагдсан байна. Энэ төрлийн гэмт хэрэг газар нутгийн байршил, байгалийн нөөцийн тархалт зэргээс шалтгаалаад Баянхонгор, Говь-Алтай, Сэлэнгэ, Өмнөговь зэрэг аймгуудад зонхилон үйлдэгддэг.

“Хамгаалсан байгаль-Бидний ирээдүй” нөлөөллийн арга хэмжээний хүрээнд Өмнөговь аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Н.Өнөрбаяртай хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлт, хуулийн зохицуулалтын талаар ярилцлаа.

Өмнөговь аймгийн хувьд хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, тэр дундаа хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргийн нөхцөл байдал ямар байна вэ?

Өмнөговь аймаг нь 165 мянган км² нутаг дэвсгэртэй бөгөөд газар нутгийн хэмжээгээрээ томд тооцогддог. Мөн ашигт малтмалын асар их нөөцтэй, уул уурхайн стратегийн гол бүс нутаг юм.

Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, тэр дундаа хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргийн тоогоор Өмнөговь аймаг бусад аймгаас дээгүүрт орж байна.

 

Өмнөговь аймгийн прокурорын газраас сүүлийн 3 жилийн байдлаар хүрээлэн байгаа орчны эсрэг 37 хэрэгт хяналт тавьснаас 23 буюу 62 хувь нь хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг эзэлж байна. Хууль бусаар ашигт малтмал, хайх ашиглах, олборлох 18 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэнээс харахад хэргийн илрүүлэлт, шийдвэрлэлт эрс нэмэгдсэн. 

Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдэгдэж буй шалтгаан нөхцөл юу байна вэ?

Энэ төрлийн гэмт хэрэг нь аймгийн төвтэй ойр, ашигт малтмал ихтэй Номгон, Ханхонгор, Хүрмэн, Баяндалай, Сэрвэй зэрэг сумдад зонхилон үйлдэгдэж байна. Гэмт хэрэг үйлдэж байгаа хүмүүсийн хувьд орон нутгийн иргэдээс гадна өөр аймаг,  орон нутгаас ирж гэмт хэрэг үйлдэх тохиолдол гарч байна.

Иргэд “алт их гарсан газар”, “их хэмжээний алт олж гэнэт хөрөнгөжсөн” зэрэг ам дамжсан дам ярианд итгэж, гар аргаар хууль бусаар алт хайж, олборлох гэмт хэрэгт холбогдож байна. Иргэд албан ёсоор нөхөрлөл, хоршоо байгуулж бичил уурхай эрхлэх зөвшөөрөл авч ашигт малтмал олборлох хуулийн зохицуулалттай байдаг ч иргэд энэ хуулийн зохицуулалтыг мэдэхгүйгээр зөвшөөрөлгүйгээр газрын хэвлийд халдаж байгаа тохиолдол гарч байна. 

Харин хуулийн этгээдүүдийн хувьд ашигт малтмал хайх олборлох, ашиглах зөвшөөрөгдсөн талбайнаас хэтрүүлэх, мөн нөхөн сэргээх зөвшөөрөл авсан атлаа олборлох, ашиглах зэргээр хууль бус үйл ажиллагаа явуулж энэ гэмт хэргийг үйлдэж байна. Шалтгааны хувьд үзэхэд богино хугацаанд, амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн санаа зорилготой байдаг.

Ямар үйлдлийг хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг гэж үздэг вэ?

Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлд зааснаар хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг нь тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан, эсхүл ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар хууль бусаар газрын хэвлийд халдсан” үйлдлийг хэлнэ. 

Тодруулбал, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулах гэдэг нь ашигт малтмалын илэрц, нөөц байгаа эсэхийг тогтоохын тулд геологийн судалгаа хийх, дээж авах, өрөмдлөг хийх, суваг шуудуу татах, геодези, зураглалын ажил хийх, тусгай багаж хэрэгслээр зэргээр хайгуул хийхийг хэлнэ.

Харин тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлох гэдэг нь ашигт малтмал (алт, нүүрс, жонш гэх мэт)-ыг байгалийнх нь байдлаас салгаж, газрын гадаргуу дээр гаргаж авах идэвхтэй үйл ажиллагаа буюу металл хайгч, хүрз, зөвшөөрөлгүй жижиг техник ашиглан алттай шороог ухаж авах, экскаватор, ковш зэрэг хүнд механизм ашиглан газрын хөрсийг олноор нь ухаж, ашигт малтмалтай үе давхаргыг шилжүүлэн зөөх зэргийг хэлнэ.

Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал боловсруулах гэдэг нь олборлож авсан ашигт малтмалын түүхий эдийг физик, химийн аргуудаар баяжуулах, хольцоос нь салгах, чанарыг нь сайжруулах, эцсийн бүтээгдэхүүн болгох үйл ажиллагааг зөвшөөрөлгүйгээр, технологийн бус аргаар буюу тээрмээр нунтаглаж, усаар угааж ялгах, мөнгөн ус, цианит натри зэрэг химийн маш хортой бодисыг хууль бусаар ашиглан алтны зуурмаг үүсгэж, улмаар түүнийгээ шатааж цэвэр алт гаргаж авах зэргийг хэлнэ.

Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал ашиглах гэдэг нь хууль бусаар олборлосон эсвэл олборлоод боловсруулсан ашигт малтмалыг өөрийн хэрэгцээнд хэрэглэх, бусдад худалдах, арилжих, эдийн засгийн эргэлтэд оруулж ашиг олох үйл ажиллагааг хэлнэ. Энэ нь олборлолтоос үүссэн бүтээгдэхүүнийг захиран зарцуулж буй үйлдэл буюу хууль бусаар олборлосон нүүрс, жонш, элс, хайрга зэргийг барилгын болон үйлдвэрлэлийн зориулалтаар шууд ашиглах эсвэл хууль бус ченжүүдэд худалдан борлуулах, албан ёсны гарал үүслийн гэрчилгээгүй алтыг зах зээлд нийлүүлэх, нууцаар хил давуулахыг завдах зэргийг хэлнэ.

Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэгт хүлээлгэх хуулийн хариуцлагын талаар тайлбарлаж өгөхгүй юу?

Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд Эрүүгийн хуульд зааснаар 5.4 сая төгрөгөөс 27 сая төгрөгөөр торгох, 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан.

Дээрх гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол тухайн хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж 20- 120 сая төгрөгөөр торгох ял шийтгэнэ. 

Мөн “Тусгай зөвшөөрөлтэйгээр ашигт малтмалын хайгуул, ашиглалт, олборлолт, боловсруулалт явуулсан талбайд нөхөн сэргээлтийн ажлыг зохих журмын дагуу хийгээгүйн улмаас байгаль орчинд их хэмжээний хохирол учирсан” тохиолдолд 10-40 сая төгрөгөөр торгох, 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Дээрх гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол тухайн хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж 120-400 сая төгрөгөөр торгох ял шийтгэхээр заасан.

Энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулахаас гадна хууль бусаар олсон орлого, байгалийн баялгийг хураах, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник, хэрэгслийг улсын орлого болгох, нэмээд байгаль орчинд учруулсан хохирлыг 3 дахин нэмэгдүүлж, төлүүлдэг гэдгийг иргэд сайн ойлгох хэрэгтэй байна.

Тухайлбал, Өмнөговь аймагт 2026 онд үйлдэгдсэн ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргийн улмаас байгаль орчинд учруулсан хохирол нь 2 тэрбум орчим төгрөг гэж тогтоогдсон. Хохирол нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэрэгт холбогдсон хүн, хуулийн этгээдийн хөрөнгийг битүүмжлэх, шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах зэрэг хөрөнгө хамгаалах ажиллагаануудыг хийж байна.  

Аймгийн прокурорын газраас “Хамгаалсан байгаль-бидний ирээдүй” нөлөөллийн арга хэмжээний хүрээнд орон нутагтаа ямар ажил, арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

Өмнөговь аймгийн прокурорын газраас “Хамгаалсан байгаль-бидний ирээдүй” нөлөөллийн арга хэмжээний хүрээнд хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах олборлох гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлтийн нөхцөл байдалд нарийвчилсан судалгаа хийсэн. Судалгааны үр дүнд үндэслэн орон нутгийн иргэдийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх зорилгоор урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг хүргэх ажлыг үе шаттай зохион байгуулж, орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл тогтмол хүргэж байна.

Түүнчлэн хууль бус ажиллагааны улмаас эвдэж сүйдсэн газрын судалгааг холбогдох байгууллагуудаас гаргуулан авч, байгаль орчны мэргэжлийн албадтай хамтран нөхөн сэргээх, цаашид газрын хэвлийд дахин халдах эрсдэлийг бууруулахад анхаарч байна.

Мөн гэмт хэрэг ихээр гардаг сумдын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлүүдэд шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар прокурорын мэдэгдэл хүргүүлээд байна.

Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргийг бууруулж, энэ төрлийн гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

Иргэд зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрж хайх, олборлох, ашиглах зорилгоор газрын хэвлийд халдаж болохгүй гэдгийг сайтар ухамсарлаж, ойлгох хэрэгтэй.

Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар газар, газрын хэвлий, түүний баялаг нь төрийн өмч байдаг. Тиймээс энэ төрлийн гэмт хэрэгт холбогдохгүйн тулд эрх бүхий төрийн байгууллагаас холбогдох зөвшөөрлийг нь авч, хууль дүрэм журмын хүрээнд үйл ажиллагаа явуулах хэрэгтэй.  

Мөн хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, бууруулах нь дан ганц хуулийн байгууллагын ажил биш юм аа. Иргэдийн зүгээс аливаа хууль бус үйлдлийн талаарх мэдээ, мэдээллийг шуурхай мэдээлдэг байх, холбогдох төрийн байгууллага, мөн хувийн хэвшлийн байгууллагууд нь хууль журмаа сахиж, стандартыг мөрдүүлэхэд анхаарах хэрэгтэй байна.

Хууль бусаар, зөвшөөрөлгүй явуулж буй үйлдэл бүр хуулийн хариуцлага хүлээдэг учраас иргэд хууль эрхзүйн мэдлэг, боловсролоо ч дээшлүүлэх шаардлагатай юм.   

 

.