Прокурорын байгууллагаас “Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт: Хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах нь” төсөл, Азийн сан, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр, Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай анхдагч хууль болон холбогдох бусад хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийг нэг мөр ойлгож зөв хэрэглэх, хүүхдийн дээд ашиг сонирхлыг хамгаалах, хүний эрхэд суурилсан хууль хэрэглээний ур чадварыг дээшлүүлэх зорилгоор “ХҮҮХЭД ХАМГААЛАЛ–ХУУЛЬ ХЭРЭГЛЭЭ” сэдэвт зөвлөгөөнийг 2026 оны 10 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулж байна.
Зөвлөгөөнд Улсын ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Аймаг, Нийслэл, Тээвэр, дүүрэг, сум дундын прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газрын харьяа газар, хэлтсийн алба хаагчид танхимаар болон цахимаар оролцож байна.
Мөн Улсын дээд шүүх, Хүний эрхийн үндэсний комисс, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл мэдээлэл хийж оролцлоо.
Прокурорын байгууллагаас хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, хүүхэд төвтэй, хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх чиглэлээр үе шаттай арга хэмжээг авч хэрэгжүүлж ирсэн.
Энэ хүрээнд, цагдаагийн байгууллагатай хамтран 2026 оны 4 дүгээр сард “ХҮҮХЭД ХАМГААЛАЛ–ХАМТЫН АЖИЛЛАГАА” сэдэвт хэлэлцүүлэг, сургалтыг зохион байгуулж байсан.
Өнөөдрийн зөвлөгөөн нь Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай анхдагч хууль болон холбогдох бусад хуульд орсон нэмэлт, өөрчлөлт, хууль тогтоомжийн шинэ зохицуулалт 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх гэж байгаатай холбоотойгоор үүнийг практикт нэг мөр ойлгож хэрэглэх, хүүхдийн нас, сэтгэл зүй, хөгжлийн онцлогт нийцүүлэн ажиллах, хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг бодитой хамгаалах мэдлэг, арга зүйг эзэмшүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба