ОХУ-ын Прокурорын байгууллагын Их сургуулиас эрхлэн гаргадаг “Университет прокуратуры Российской Федерации” сэтгүүлд нийтлэгдсэн УЕПГ-ын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгийн сургалтын албаны хяналтын прокурор У.Эрдэнэтуяагийн "Гэмт хэргийн замаар бий болсон хөрөнгийг буцаан авахад прокурорын гүйцэтгэх үүрэг: Монгол Улсын туршлага" сэдэвт эрдэм шинжилгээний өгүүллийг хүргэж байна.
Хураангуй
Гэмт хэргийн замаар бий болсон хөрөнгийг буцаан авах ажиллагаанд Монгол Улсын прокурорын байгууллага нь хөрөнгийг мөшгин тогтоохоос эхлэн битүүмжлэн хамгаалах, шүүхээр шийдвэрлүүлэн хураан авч, буцаан авах зэрэг бүхий л шатанд “гүүр” болон ажиллаж, олон улсын гэрээ, конвенц, стандарт, үндэсний хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган ажиллах чухал үүрэгтэй.
Хөрөнгө буцаан авах ажиллагаа нь зөвхөн дотоодын эрх зүйн зохицуулалтын хүрээнд хязгаарлагдахгүй бөгөөд Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага /ФАТФ/-ын зөвлөмж, Авлигын эсрэг Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенц зэрэг олон улсын стандартыг нутагшуулах, хэрэгжилтийг хангахад прокурорын хяналт, зохицуулалт голлох үүрэгтэй юм. Нийтлэлд хөрөнгө буцаахтай холбоотой баримтлан ажиллаж буй үндэсний болон олон улсын баримт бичгийн талаар товч мэдээллийг өгсөн.
Мөн Монгол Улсын прокурорын байгууллагаас эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх, хамтын ажиллагааны бусад сувгийг ашиглах замаар хилийн чанадад нуун дарагдуулсан хууль бус хөрөнгийг амжилттай буцаан авсан бодит хэргийн жишээнүүдийг танилцуулсан болно. Эдгээр практик туршлагад үндэслэн цаашид хөрөнгө буцаан авах ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох чиглэлээр тодорхой дүгнэлт, саналуудыг дэвшүүллээ.
Түлхүүр үгс: прокурор, прокурорын хяналт, эрх бүхий төв байгууллага, хөрөнгө буцаах ажиллагаа, үндэстэн дамнасан гэмт хэрэг, эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх.
Оршил
Дэлхий нийтийн даяаршил болон технологийн үсрэнгүй хөгжлийг даган хил хязгааргүй орчинд, технологийн дэвшлийг ашиглан гэмт хэрэг үйлдэгдэх болж, тэрбум тэрбумаар хэмжигдэх хууль бус хөрөнгө, орлогыг хэдхэн секундэд бусдад шилжүүлэх, хувиргах боломж бүрджээ. Гэвч энэхүү хөрөнгийг мөшгин тогтоож, хамгаалах, буцаан авахад улс орнуудын эрх зүйн ялгаатай тогтолцоо, хэлний барьер, практик ажилтнуудын чадавх зэрэг хүчин зүйлийн нөлөөлөл их байна. Энэхүү нөхцөл байдал нь мөрдөгч, хуульч, прокурор биднээс олон улсын гэрээ, конвенцыг оновчтой хэрэглэх, цахим нотлох баримтын стандарт болон технологид суурилсан мөрдөн шалгах аргуудыг сайтар эзэмших, олон улсын албан болон албан бус хамтын ажиллагаагаа улам эрчимжүүлж, бэхжүүлэхийг шаардах боллоо.
Гэмт хэргийн замаар бий болсон хөрөнгө, орлогыг буцаан авах нь зөвхөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны чухал хэсэг бус, харин үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, шударга ёсны тогтолцоог хангах стратегийн ач холбогдолтой ажиллагаа болохыг олон улсад хүлээн зөвшөөрч байна. Ялангуяа гэмт хэргийн замаар бий болсон хөрөнгийг буцаан авахад прокурорын гүйцэтгэх үүрэг нь хохирогчийн эрхийг сэргээн хамгаалах төдийгүй улс орны нийгэм ,эдийн засгийн тогтвортой хөгжилд үнэ цэнэтэй хувь нэмэр, бодит дэмжлэг болж байдаг билээ.
Монгол Улсын хувьд, сүүлийн жилүүдэд авлига, албан тушаалын болон мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлж, гадаад улсад хууль бусаар байршуулсан хөрөнгө, орлогыг буцаан авах талаар бодлогын болон практик алхмуудыг хийснээр тодорхой үр дүнд хүрч, ахиц дэвшил гаргасныг олон улсын байгууллагуудын тайлан, үнэлгээнд тэмдэглэсэн байна.[1]
Монгол Улсын прокурорын байгууллага гэмт хэргийн замаар бий болсон хөрөнгө, орлогыг буцаан авах талаар хүлээсэн чиг үүргээ дараах үндэсний хууль тогтоомжид заасны дагуу хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүнд,
Гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулах, хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулах, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэх зэргээр шийдвэрлэх талаар Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйл /“Хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ”/-д заасан.
Эрүүгийн хуулийн дээрх заалтыг хэрэгжүүлэх зорилтыг хангах хүрээнд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эд зүйл, баримт бичиг хураан авах, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хянах, хязгаарлах, хяналт тогтоох ажиллагааг мөрдөгч нь прокурорын зөвшөөрлөөр явуулдаг. Тодруулбал, мөрдөгч нь гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, үйлдэж олсон байж болох, эсхүл хэрэгт ач холбогдолтой хөрөнгийг нуух, устгах, эрх шилжүүлэх үндэслэл бүхий сэжигтэй бол прокурорын зөвшөөрлийг авсны үндсэн дээр тухайн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хянах, эсхүл уг шилжилт хөдөлгөөнийг хязгаарлахыг зохих байгууллагад даатгадаг. Үүнд,
Түүнчлэн хураан авсан хөрөнгө, орлого, эд мөрийн баримтын талаар авах арга хэмжээг Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тусгайлан зохицуулсан. Үүнд,
Хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал, амьтанд хортой нөлөө үзүүлэх, нийтийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх бодит үндэслэл бий болсон, эсхүл түргэн муудах, гэмтэх, устах, эсхүл хэрэг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл чанар нь муудах хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг эзэмшигчид нь буцааж өгөх боломжгүй тухай прокурорын саналыг үндэслэлтэй гэж үзвэл шүүх Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар дараах шийдвэрийн аль нэгийг гаргаж болно:
Мөн хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг хүлээн авах, хадгалах, шилжүүлэх, хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгох, улсын орлого болгох асуудлыг прокурор өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэгжүүлж, хяналт тавин ажилладаг. Тухайлбал,
Прокурор хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан, хэргийг хэрэгсэхгүй болгосон бол хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, эд мөрийн баримт, гэмт үйлдлийн замаар олсон орлого, түүнтэй адилтган үзэх бусад эд зүйлийг хууль ёсны эзэмшигчид нь олгох, эсхүл улсын орлого болгуулахаар шүүхэд санал гаргаж шийдвэрлүүлнэ.
Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа нь мөн прокурорын хяналтын дор нэг мөр хэрэгждэг. Тодруулбал, Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шүүхийн шийдвэрийг шийдвэр гүйцэтгэгч гүйцэтгэхдээ уг шийдвэрт заасан эд зүйл, хөрөнгийг хариу төлбөргүйгээр албадан хураан авах, улсын орлого болгох зорилгоор
Эдгээр ажиллагааг гүйцэтгэхдээ шийдвэр гүйцэтгэгч нь тухайн хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, бүрэн бүтэн байдлыг хангах үүргийг хүлээж, хуульд заасан шаардлагатай арга хэмжээг авах үүрэгтэй байна.
Мөн Монгол Улс “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль”-ийг 2021 онд батлан хэрэгжүүлснээр виртуал хөрөнгийг "үл үзэгдэх" орчноос гаргаж, хууль сахиулах байгууллагууд уламжлалт хөрөнгөтэй адил аргаар мөшгөх, битүүмжлэх, хураах боломжийг бүрдүүлсэн гэж үздэг. Тус хуульд заасны дагуу сэжигтэй гүйлгээний талаар мэдээлэх үүрэгтэй этгээд болох Санхүүгийн мэдээллийн алба, хөрөнгийн захиран зарцуулах эрхийг зарцуулалтыг түр хугацаагаар хязгаарлах эрх бүхий Санхүүгийн зохицуулах хороо зэрэг эрх бүхий албан тушаалтны зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа нь прокурорын хяналттай салшгүй холбоотой. Одоогийн байдлаар гэмт хэргийн замаар бий болсон виртуал хөрөнгийг буцаах ажиллагааг хийх журмыг Монгол Улсын олон улсын гэрээ, үндэсний хууль тогтоомжоор тусгайлан зохицуулаагүй боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ерөнхий зохицуулалтын хүрээнд холбогдох ажиллагааг хийх боломжтой байна.
Түүнчлэн олон улсад тогтон хэрэгжиж буй харилцан адил байх зарчим /reciprocity/-д тулгуурлан эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцааг харилцан үзүүлж болох талаар Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт тусгагдсан бөгөөд энэ нь хөрөнгө буцаах ажиллагааг зохион байгуулахад нэг адил хамаарна.
Хөрөнгө буцаах талаар эрх зүйн туслалцааны хүсэлт бичих нь уг хөрөнгийг хураан авч улсын орлого болгох, хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх талаар гаргасан шүүхийн шийдвэрийг гадаад улсад илгээж гүйцэтгүүлэх үндсэн зорилготой байдаг. Энэ агуулгаараа хөрөнгийг хураан авч улсын орлого болгох тухай Монгол Улсын шүүхийн шийдвэрийг гадаад улсад биелүүлэхэд эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх чиглэлээр бусад орны Засгийн газартай байгуулсан хоёр талт гэрээ, хэлэлцээрүүдийг эрх зүйн үндэслэлээ болгон ашиглах боломжтой байна.
Үндэсний хууль, эрх зүйн дээрх зохицуулалтуудаас гадна гадаад улсын нутаг дэвсгэрт царцааж битүүмжилсэн болон шүүхийн шийдвэрийн дагуу буцаан авсан хөрөнгө, орлогыг эрх бүхий байгууллагаас захиран зохицуулахад шаардлагатай хууль тогтоох болон бусад арга хэмжээг гишүүн орнууд дотоодын хууль тогтоомждоо нийцүүлэн авах талаарх Авлигын эсрэг Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын заалт, хөрөнгө буцаах ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэхэд чиглэсэн Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага /ФАТФ/-ын Зөвлөмж 4, 30, 31, 38, болон 40 зэрэг зөвлөмжүүдийг Монгол Улс анхаарч, хөрөнгө буцаах ажиллагааг бодлогын тэргүүлэх чиглэлийн хэмжээнд хэрэгжүүлэн, бусад орноос суралцаж, туршлага хуримтлуулсаар байна.
Монгол Улсын хувьд, хууль бус хөрөнгийг мөшгих, битүүмжлэх буюу царцаах, буцаан авах бүхий л процессын гол зангилаа нь прокурорын байгууллага юм. Прокурор нь мөрдөн шалгах ажиллагааг дотооддоо төдийгүй олон улсын түвшинд уялдуулан зохицуулж, гадаад улсын эрх бүхий байгууллага, олон улсын сүлжээтэй хамтран ажилласнаар гадаад улсад байршуулсан хууль бус хөрөнгө, орлогыг буцаан авч, улсын төсөвт эргүүлэн төвлөрүүлэх үүрэг хариуцлагыг зангидан хэрэгжүүлж, тасралтгүй хяналт тавьж ажилладаг үндсэн субъект байна.
Ялангуяа үндэстэн дамнасан авлига, албан тушаалын гэмт хэргийн замаар алдагдсан хөрөнгийг буцаан авахад Монгол Улсын прокурорын байгууллага мөрдөн шалгах ажиллагааны эрчимтэй байдлыг хангуулахаас гадна эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа үзүүлэх, олон улсын хамтын ажиллагааны албан бус сувгийг идэвхтэй ашиглаж байна.
Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн замаар бий болсон хөрөнгийг буцаан авахад Монгол Улсын дотоодын хууль, тогтоомж, олон улсын гэрээ, конвенцод заасны дагуу прокурор дараах эрх хэмжээтэй байна. Үүнд,
Монгол Улсын Прокурорын байгууллага сүүлийн жилүүдэд үндэстэн дамнасан авлига, мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх ажиллагааг эрчимжүүлснээр авлига, албан тушаалын болон мөнгө угаах зэрэг шүүхээр амжилттай шийдвэрлэгдсэн хэд хэдэн хэрэгт гадаад улс орнуудаас хууль бус хөрөнгийг буцаан авч, амжилттай ажилласан.
Гэмт хэргийн замаар бий болсон хөрөнгө, орлогыг амжилттай буцаан авсан зарим хэргийн танилцуулцъя.
Нэг. Гадаад улсын шүүхийн шийдвэрийг биелүүлж, хөрөнгө буцаасан хэрэг
Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн БНСУ-ын шүүхийн шийдвэрийн дагуу “Мөнгө угаах” гэмт хэрэгт ял шийтгэгдсэн. Уг иргэн нь тухайн гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгөө Монгол Улсад хууль бусаар байршуулсан буюу зочид буудал болгон хувиргасан байсан байна. Уг хөрөнгийг буцаан авах тухай хүсэлтийг БНСУ-ын Дээд прокурорын газраас Монгол Улсын ерөнхий прокурорын газар 2011 онд хүлээн авсан.
Тодруулбал, дээрх БНСУ-ын иргэн нь нийт 70 гаруй удаагийн шилжүүлгээр хөрөнгө босгож, авга ахынхаа нэр дээр Монгол Улсад компани байгуулан, зочид буудал бариулах замаар хөрөнгөө хувиргасан байсан ба уг хууль бус хөрөнгийг хураах талаарх Солонгосын шүүхийн шийдвэрийг биелүүлэх ажиллагаанд төлөөлөн оролцох итгэмжлэлийг Монгол Улсын ерөнхий прокурорын газарт БНСУ-ын Дээд прокурорын газар олгосон.
БНСУ-ын шүүхийн шийдвэрийг Монгол Улсад гүйцэтгэх талаар Улсын Дээд шүүхээс харьяалал тогтоосон Монголын шүүхийн шийдвэр гарснаар уг шийдвэрийг гүйцэтгэх хуудас бичигдэж, Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зохион байгуулсан. Ингэхдээ тухайн зочид буудлыг битүүмжлэн, дуудлага худалдаанд оруулсан. Зочид буудлын 65 хувийг бусдад дамжуулан худалдсан байсныг дуудлага худалдаанд мөн оруулан худалдсан байна.
Ингэснээр БНСУ-ын шүүхийн шийдвэрт заасан хэмжээний мөнгийг хураан авч, уг шийдвэрт заасан данс руу 2012 оны 12 дугаар сард Солонгосын талд шилжүүлснээр БНСУ, Монгол Улсын хооронд “Мөнгө угаах” гэмт хэрэгт 1.6 сая ам.долларын хөрөнгө буцаан олгох ажиллагаа амжилттай зохион байгуулагдсан.
Хоёр. Гадаад улсаас хөрөнгө буцаан авсан хэрэг.
2016, 2017 оны Динозаврын чулуужсан ясны олдворын хэрэг (АНУ – БНСУ – Монгол)
Дээрх хэргүүдийг шалган шийдвэрлэхэд тулгарсан гол хүндрэл бэрхшээлийг авч үзэхэд,
Дүгнэж хэлэхэд, үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй, ялангуяа авлига, мөнгө угаах тэмцэх, урьдчилан сэргийлэх, хянан шийдвэрлэх ажиллагаа нь прокурорын байгууллагын идэвхтэй оролцоогүйгээр үр дүнд хүрэх боломжгүй юм.
Монгол Улсын хувьд, бусад улс орны нэгэн адилаар прокурор нь хууль, олон улсын гэрээний хүрээнд чиг үүргээ хэрэгжүүлж, ялангуяа хууль бус хөрөнгө, орлогыг гадаад улсаас буцаан авах ажиллагааг зохион байгуулах, мөрдөн шалгах ажиллагаа болон олон улсын хамтын ажиллагааг нэгтгэн зангидагч гол төв болон манлайлан ажиллаж байна.
Үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх прокурорын чиг үүргийг цаашид улам үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд Монгол Улсын хувьд дараах алхмуудыг хэрэгжүүлэх боломжтой болно. Тодруулбал,
Эцэст нь тэмдэглэхэд, гэмт хэргийн замаар бий болсон хөрөнгө, орлогыг буцаан авах ажиллагааг улам эрчимжүүлэх нь нийгэм, эдийн засагт учруулах хохирлыг нөхөн сэргээх, улмаар үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн санхүүгийн урсгалыг бууруулах, таслан зогсооход стратегийн чухал ач холбогдолтой билээ.
Эх сурвалж: ВЕСТНИК УНИВЕРСИТЕТА прокуратуры Российской Федерации № 4 (114) 2026
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба