МӨНГӨ УГААХ 59 ХЭРЭГТ ЯЛЛАХ ДҮГНЭЛТ ҮЙЛДЖЭЭ

A- A A+
МӨНГӨ УГААХ 59 ХЭРЭГТ ЯЛЛАХ ДҮГНЭЛТ ҮЙЛДЖЭЭ

Прокурорын байгууллага 2026 оны III улирлын байдлаар мөнгө угаах гэмт хэрэгтэй холбоотой мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан 208 хэрэгт хяналт тавьж, 82 хүнд холбогдох 59 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ. 

Шүүхэд шилжүүлсэн хэргүүд нь өмчлөх эрхийн эсрэг, авлигын эсрэг, эдийн засгийн гэмт хэрэг болон хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө, мөнгө, орлогыг нуун далдалсан, хувиргасан үйлдлүүд байна. 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад 152 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгслийн бүртгэл, банк, бусад санхүүгийн байгууллагад байгаа мөнгөн хөрөнгийн гүйлгээний шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, 37 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хөрөнгө битүүмжлэх арга хэмжээг авсан байна.

Улсын ерөнхий прокурорын газрын Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах газрын Авлига, мөнгө угаах гэмт хэргийг хянан шийдвэрлэх хэлтсээс авлига, мөнгө угаах гэмт хэрэгтэй холбоотой 4 төрлийн судалгаа хийжээ. 

“Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хүрээнд “Авлига, мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх нь” сэдэвт сургалт хэлэлцүүлгийг Азийн сантай хамтран зохион байгуулж, дээрх судалгааны үр дүнг прокурор, мөрдөгч нарт танилцуулж, энэ төрлийн гэмт хэргийг шалган, шийдвэрлэхэд анхаарах асуудлын талаар хэлэлцлээ.