Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1948 оны 12 дугаар сарын 10-ны өдөр баталсан “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”- ын 5 дугаар зүйлд: “Хэнд ч эрүү шүүлт тулган эсхүл хэнтэй ч хэрцгийгээр, хүний ёсноос гадуур буюу нэр төрийг нь доромжлон харьцах, шийтгэх ёсгүй” хэмээн тусгасан нь эрүүдэн шүүхийн эсрэг үзэл баримтлалын эхлэл юм.
Мөн 1966 оны 12 дугаар сарын 16-ны өдөр баталсан “Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт”-ын 7 дугаар зүйлд:
“Хэнд ч эрүү шүүлт тулгах, хэрцгий, хүнлэг бусаар, нэр төрийг нь доромжлон харьцах буюу шийтгэхийг хориглоно” гэж дурдсан байдаг.
Дэлхий даяар эрүү шүүлтийг бүр мөсөн устгах, хориглох, урьдчилан сэргийлэх зорилгоор 1984 оны 12 дугаар сарын 10-ны өдөр “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенц”-ыг баталсан байна.
Уг конвенцын 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт:
“Эрүүдэн шүүх гэж хэн нэг хүн буюу гурав дахь этгээдээс мэдээ сэлт, мэдүүлэг авах, тухайн хүн буюу гурав дахь этгээдийн үйлдсэн буюу сэрдэгдсэн хэрэгт шийтгэх, айлган сүрдүүлэх, шахалт үзүүлэх, аливаа байдлаар алагчлах зорилгоор төрийн албан тушаалтан, албан үүрэг гүйцэтгэж буй бусад хүний өдөөн хатгалт, ил, далд зөвшөөрлөөр тухайн хүн буюу гурав дахь этгээдийн бие махбод, сэтгэл санааг хүчтэй шаналган зовоох аливаа санаатай үйлдлийг хэлнэ” гэж тодорхойлсон.
Монгол улс 2002 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр албан ёсоор тус конвенцод нэгдэн орсон байдаг.
Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцид “сэтгэл санааны эрүү шүүлт”, “бие махбодийн эрүү шүүлт” гэж 2 янзаар тусгажээ.
Сэтгэл санааны эрүү шүүлт гэдэг нь ганцаарчилж хорих, айлган сүрдүүлэх, басамжлан доромжлох, дооглож тохуурхах, гүтгэх, худал мэдээлэл тараах, бусдад эрүү шүүлт тулгаж буй дүрс үзүүлэх, гэр бүл, ойр дотны хүмүүсийн талаар таагүй мэдээлэл тараах, хоол ундыг нь сойх зэргийг, Бие махбодын эрүү шүүлт гэдэг нь зодох, чанга гавлах, цахилгаанаар цохиулах, толгойг нь усанд дүрэх, амьсгалыг нь боох, түлэх, зүсэх зэрэг үйлдлийг олон улсад тодорхойлж, ойлгодог байна.
Монгол Улсын Эрүүгийн хуулийн 21.12 дугаар зүйлд “Эрүү шүүлт тулгах” үйлдлийг гэмт хэрэгт тооцон хуульчилсан. Тухайлбал:
“Төрийн албан хаагч тайлбар, мэдүүлэг авах, хэрэг хүлээлгэх, ял, шийтгэл оногдуулах, ялгаварлах зорилгоор өөрөө, эсхүл бусад этгээдийг хатгаж, зөвшөөрөл олгож, эсхүл бусад байдлаар тухайн үйлдлийг хийхийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж бусдын бие махбод, сэтгэл санааг шаналган зовоосон бол 5.4 сая төгрөгөөс 27 сая төгрөг хүртэл торгох, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэжээ.
Сонирхуулахад, НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцид 173 орон нэгдэн орсон боловч 141 оронд эрүүдэн шүүх явдал бүртгэгдсэн талаар 2023 онд “JAMA Network Open” сэтгүүлд нийтлэгдсэн “Дэлхий дахинд бүртгэгдсэн эрүү шүүлтийн арга хэлбэрүүд, тархалт болон давтамж” (Reported Methods, Distributions, and Frequencies of Torture Globally) судалгааны ажлын өгүүлэлд дурдагдсан байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба