Цар тахлын үеийн хүүхдийн эрхийн зөрчлийн зарим асуудал, шийдвэрлэх арга зам

A- A A+
Цар тахлын үеийн хүүхдийн эрхийн зөрчлийн зарим асуудал, шийдвэрлэх арга зам

УЕПГ-ын Сургалтын албаны прокурор, Хууль зүйн ухааны доктор Ц.Мөнхбат Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс, Дотоод хэргийн их сургууль, Суурийн Жанцан сангаас 2021.05.18-ны өдөр зохион байгуулсан “Цар тахлын үеийн эрүүгийн хууль тогтоомжийн хэрэглээ” цахим хэлэлцүүлэгт оролцож “Цар тахлын үеийн хүүхдийн эрхийн зөрчлийн зарим асуудал, шийдвэрлэх арга зам” сэдвээр илтгэл тавьлаа. Тус илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

ЦАР ТАХЛЫН ҮЕИЙН ХҮҮХДИЙН ЭРХИЙН ЗӨРЧЛИЙН ЗАРИМ АСУУДАЛ, ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМ

Нэг. Товч агуулга

     Цар тахал нийгэм, эдийн засагт олон сөрөг нөлөөлөл үзүүлж байгаа хэдий ч түүгээр далимдуулж, хүний эрх ялангуяа хүүхдийн эрхийг зөрчиж болохгүй юм. Хүүхдийн сурч боловсрох, эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах амьд явах эрхийг[1] зөрчиж буй байдлыг түүвэр байдлаар судлан дүгнэлт хийж, санал гаргахад илтгэлийн агуулга оршино.

Хоёр.Түлхүүр үгс.

     Үндсэн хууль, Олон улсын гэрээ конвенц, Хүний эрх, Хүүхдийн эрхийн зөрчил,

Гурав. Оршил

      Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 12 дахь хэсэгт хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална[2] гэж заасан нь бий. Хүний бүх эрх, эрх чөлөө нь түгээмэл, хуваагдашгүй, харилцан шалтгаалсан, харилцан хамаарсан шинжтэй бөгөөд хүүхэд нь эрх эдлэх субъект мөн бөгөөд нэр төр болон өсөн хөгжиж буй чадвар боломжтой хүн юм[3]. НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцод зааснаар 18 нас хүртэлх насны  хүн бүрийг хүүхэд[4] гэнэ. Монгол Улсын Хүүхэд хамгааллын тухай хуулиар “Монгол Улсын иргэн төрсөн цагаас эхлэн 18 нас хүртэл... хуульд заасан тусламж үйлчилгээг үзүүлж болно[5] гэсэн байна. Хууль зүйн ухааны доктор, профессор Б.Чимид “Хүний эрхийн тухай сайн хууль, сайхан хөтөлбөр гаргаж, түүнээ хичнээн ч янзаар магтан өгүүлж болно. Харин түүнийг хүн өөрөө мэдэж, чармайж, засаг төр шударгаар хамгаалан дэмжиж, гаргасан хууль, амласан хөтөлбөрөө амь тавин хэрэгжүүлэх нь эцсийн зорилго билээ”[6]гэж бичсэн байдаг. Хөл хорионы дэглэмийн үед төрийн буруу бодлого, хүний эрхийг дээдэлдэггүй шийдвэрээс болж хүүхдийн эрх маш их зөрчиж буй жишээ баримт хангалттай байна. Монгол Улсын Үндсэн хуульд заасан амьд явах, сурч боловсрох, эмнэлгийн үйлчилгээ авах, эрүүл мэндээ хамгаалуулах зэрэг эрх олонтаа зөрчигджээ. Оксфордын Их сургуулийн Төрийн удирдлагын сургуулиас явуулсан “Ковид-19” цар тахлын тохиолдлын үед улс орнуудын хэрэгжүүлсэн хариу арга хэмжээний индексээр Монгол Улс 69,9 хувь буюу харьцангуй хожуу арга хэмжээ авсан улсын нэг болсон[7] байна. Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэр хүний эрхийн суурь зарчимд нийцсэн, ялгаварлан гадуурхалтгүй, эрх тэгш хандсан байх ёстой. Хүний эрх чөлөөг хязгаарлах арга хэмжээ нь байж болохыг үгүйсгэхгүй  ч тэр нь зохистой түвшинд буюу нөхцөл байдалд  зайлшгүй тохирсон байх зарчимд нийцсэн байх учиртайг судлаачийн хувьд тэмдэглэж байна.

Дөрөв. Статистик тоо баримтын тухайд

       Монгол Улсын хүн амын 35 хувь буюу 1.2 сая хүүхэд[8]байна. Хүүхэд гэр бүлийн мэдээллийн эрсдлийн программд 22853 хүүхэд бүртгэлтэй байна.

       Улсын хэмжээнд 2020 онд 3228, 2021 оны 1 дүгээр улирлын байдлаар 1177 нийт 4415 хүүхдийн эрхийн зөрчил бүртгэгдсэн байна.[9] Хатуу хөл хорионы үед  хүүхэд гэр бүлийн хүчирхийлэлд өртөх нь эрс нэмэгдсэн байна. 2020 оны эхний 11 сарын байдлаар хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй дуудлага Баянзүрх дүүрэгт хамгийн өндөр буюу 9082, Сонгинохайрхан дүүрэгт 8721, Чингэлтэй дүүрэгт 3730, Сүхбаатар дүүрэгт 3260 ирсэн байна. 2020 оны 11 дүгээр сарын байдлаар гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 144 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оноос 7.6 дахин өссөн, зөрчлийн тоо 18.9 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Коровирусын халдварыг дотоодод алдсанаас хойш хүүхдийн эрхийн зөрчилтэй холбоотой 144 гомдол Хүний эрхийн үндэсний комисст ирсэн байна. Ковид-19 хэмээх цар тахлын үед хөл хорио тогтоосон явдал нь хүүхдэд үзүүлэх сөрөг нөлөөлөл ихсэхэд хүргэжээ. 2021 оны 3 дугаар сарын 26-нд хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хүүхэд хамгаалалтай холбоотой 900 дуудлага ирсэн. Улсын онцгой комиссын  2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн мэдээлэлд халдвар авсан хүүхдийн тоо улсын хэмжээнд 5408-д[10] хүрсэн тухай дурдсан байна. Нийслэлийн хэмжээнд хатуу хөл хорио тогтоосноос хойш удаа дараа буюу байнгын гэр бүрийн хүчирхийлэл үйлддэг 2000 гаруй этгээд байдаг тухай зарим судлаачид бичсэн байна.

Тав. Хүүхдийн зарим эрхийн зөрчлийн бодит байдал, хүндрэл бэрхшээл

А. Хүүхдийн сурч боловсрох эрхийн тухайд.

       Цар тахлын үед хүүхдийн сурч боловсрох эрх хамгийн эрх зөрчигдсөн асуудал болох нь судалгаанаас харагдаж байна. Багш нар сурагчидтай ажиллах, тэднийг сургах, хүмүүжүүлэх, төлөвшүүлэх, хөгжүүлэх үйл ажиллагаанд  хүндрэл бэрхшээл бодитой учирсан байна. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Хамгийн их сэтгэл эмзэглүүлж байгаа асуудал бол боловсролын салбарт үүссэн бодитой хоцрогдлын асуудал”[11] гэж тэмдэглэсэн байна. Тухайлбал, цар тахлаас шалтгаалан, танхимын сургалтаас татгалзаж, зайн буюу цахим сургалтад шилжсэн боловч үр дүн хангалтгүй байна. Тухайлбал, интернет байхгүй 31.2 хувь, Гар утсаар  боломжгүй 38.9 хувь, Сүлжээ байхгүй 40.2 хувь, hotebook /pc байхгүй 39 хувь гэсэн ба зөвхөн 17.2 хувь нь хүндрэл гараагүй гэсэн дүн гарчээ. Теле хичээл, цахим сургалтыг хооронд нь уялдуулж чадаагүй байна. Зайны сургалт багш нарын ачааллыг 2 дахин нэмэгдүүлсэн ч чанарын өөрчлөлт гараагүй байна. Зарим багш нар хичээлээ цаг тухайд нь  оруулдаггүй байдал ч байна. Хүүхдүүд танхимаар хичээллэдэг шиг мэдлэг авч чадахгүй байна. Интернетийн хүртээмж, ном, сурах бичгийн хангамжийн асуудлыг эрсдэлгүй зохион байгуулах гэдэг нь асуудалтай болжээ.

Интернетгүй, компьютергүй, сүлжээгүй алслагдсан сум, гэр хороололд байгаа 174000 сурагч боловсролын  хоцрогдолд орсон байна. Бага ангийн хүүхэд математик, монгол хэл, дунд ангийнханд математик, монгол хэл, байгалийн ухаан, ахлах ангийнханд математик, монгол хэл, сонгох хичээл хоцрогдож байгаа тул танхимаар хичээллэх зайлшгүй шаардлагатай гэсэн санал гаргах нь нийтлэг байна.

Боловсролын хүрээлэнгийн хийсэн судалгаагаар 2019-2020 оны хичээлийн агуулгын алдагдал 47-53 цаг байсан бол 2020-2021 онд энэхүү агуулгын алдагдал 110 цаг буюу 28 хувь[12]  байна.    

Нэг жилийн гаруйн өмнөөс хөл хорионд орж теле хичээл сурагчид үзэж эхэлсэн ч тэр нь танхимын хичээлийн чанарыг гүйцэхгүй байгаа нь  хүүхэд бүр тэгш боловсрол хүртэх боломжийг хязгаарласан байна. Улаанбаатар хотод цахилгаанд холбогдоогүй 30000 өрх байна. Төв, суурин газраас алслагдсан, орлогын түвшин доогуур болон эцэг эхийн анхаарал халамж сул, өрхийн хүүхдүүд теле хичээлд хамрагдах нь хамгийн бага байна. Бага анги болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хувьд теле хичээл төдийлөн үр дүн өгөхгүй байгааг мэргэжилтнүүд шүүн хэлэлцэж байна.

Хэдийгээр цахим сургалт нь зардал багатай, цаг хугацаа орон зайгаар хязгаарлагдахгүй, хүссэн үедээ тухайн хичээлийг нөхөж өвөх, мэдлэгээ бататгах, нэмэлт материал ашиглах боломжтой зэрэгт эсрэг талтай болов ч нийгмийн харилцааны нэг чухал хэсэг болох амьд харилцаа байхгүй сул талыг тэмдэглэж байна.

Б. Хүүхдийн эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах, амьд явах эрхийн тухайд  

     Цар тахлын үед олон улсад нүүрлэж байгаа эрүүл мэндийн хямрал бол хүний эрхийн онцлон хэлбэл хүүхдийн эрхийн хямрал юм. Хөл хорио тогтоосонтой холбоотойгоор эрүүл мэндийн үйлчилгээ авч цаг тухайд нь авч чадалгүй 22 товчоогоор нэвтрүүлэлгүй хугацаа алдсанаас Баруунхараагаас ирсэн охины амь хохирсон, дөнгөж амаржсан эхийг нярайн хамт хүйтэнд гэрийн углааштай нимгэн хувцастай тээвэрлэсэн, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороонд байрлах орон сууцны 00 өрөөг түрээслэгч иргэн Х-гээс короновирусын халдвар илэрч, 10 настай хүүхдийн хамт ХӨСҮТ-д тусгаарлагдсан ба түүний 4, 17 настай хүүхдийг халдваргүй болсон нь батлагдаж тусгаарлалтаас гарахад, орцныхон нь гэрт нь оруулахгүй, өвлийн хүйтэнд хэдэн цаг гадаа зогсоосон зэрэг хэрээс  хэтэрсэн үйлдэл нэг бус удаа гарч, олон нийтийн дургүйцлийг төрүүлсэн юм. Үүний цаана ил болоогүй хичнээн зөрчил далд байгааг мэдэхгүй байна.

Короновирусын халдварын улмаас тусгаарлалтад байгаа хүмүүсийн сэтгэц зан үйлд өөрчлөлт орж, өдөрт 2-3 төрлийн үйлдэл байнга тогтмол хийхээс өөрөөр чөлөөтэй байх боломж нь хязгаарлагдмал тохиолдолд сэтгэлд зүйд нь айдас түгшүүрийн эмгэг үүсдэг болохыг салбарын эмч, мэргэжилтнүүд анхааруулах болжээ. Үүнд хүүхдүүд мөн хамаарах юм. Иймд дурдсан асуудлаас урьдчилан сэргийлэхийн тулд хүүхдүүдэд сэтгэл засал тайвшруулах йог, бясалгалд сургах, зааж өгөх шаардлага үүсэж байна.  Сэтгэл гутралд орсон хүүхэд оюун ухаан, сэтгэл хөдлөл, бие махбодид сөргөөр нөлөөлдөг сэтгэцийн эмгэгтэй болох магадлалтай.

Цахим хэрэглээ цар тахлын үед хэвийн үзэгдэл үзэгдэл болсон. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Америкийн сэтгэл зүйн холбооноос хамтран гаргасан сэтгэл зүйн өвчний ангилалд “дэлгэцийн дон” хэмээх өвчин орсон байна. Энэ тохиолдолд нэгэнт өвчин учир туссан тохиолдолд эдгэрэхэд зардал, цаг хугацаа шаардагдана. Хүүхэд хичээл хийх нэрийдлээр интернэт орж, ялангуяа фейсбүүкээс илүү инстаграмыг хэрэглэж буй нь түгээмэл байгааг зайлшгүй анхаарах шаардлагатай байна.

Хөл хориотой холбоотойгоор цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг хязгаарлаж, өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдал зарласан үед эцэг эхийн ажлын цагийн хуваарийг оновчтой зохион байгуулж чадаагүйгээс, тэд албан үүргээ гүйцэтгэхээс аргагүй байдалд харгалзах хүнгүйгээр гэртээ үйлдсэн хүүхэд түлэгдэж бэртэх, амь нас хохирох, осол гэмтэлд орох эрсдэл их байна. 2021 он гарснаас хойш бага насны хүүхдүүд харж хандах хүнгүй гэртээ үлдэн, ахуйн ослоор галын аюулаас гэр шатаж, 10 хүүхэд амиа алдаж, 7 хүүхэд угаартсан байна[13].

Гэр бүлийн өөрийгөө хамгаалах чадваргүй, хамгийн хүч муутай нь хүүхэд тул тэд насанд хүрэгсдийн архидалт, стресс тайлах золиос болдог ажээ.

Хөл хорио тогтоосон хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл 87 хувиар нэмэгдсэн болохыг Хүчирхийллийн эсрэг төвийн [14] мэдээлэлд дурдсанаас гадна хүүхдийн тусламжийн 108 утсанд ирсэн хүүхдийн хүчирхийлэлтэй  холбоотой дуудлага өмнөх оны мөн үеэс 60 хүртэлх хувиар өссөн байна.[15]

Зургаа. Зөрчлийн шалтгаан нөхцөл

     Ковид-19  цар тахлын үеийн хүүхдийн эрхийн зөрчлийн зарим асуудлын шалтгаан нөхцөлийг судлахад дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд,

  1. Цар тахлын үед хэрэгжүүлэх арга хэмжээний талаархи мэдээлэл иргэдэд нээлттэй бус, мэдээллийн  дутмаг байдал;
  2.  Гаргасан шийдвэр, удирдамж, зааварчилгаа дахин дахин өөрчлөгддөг;
  3. Тусгаарлах хөл хорионы дэглэм сахиулах байгууллагуудын ажлын уялдаа холбоо сул, зохион байгуулалтгүй
  4. Хүн хүчний  хүрэлцээ муу;
  5. Удирдлагаас өгсөн үүрэг даалгавар тодорхой бус эргэж буцсан; 
  6. Холбогдох байгууллагуудын шийдвэрийн агуулга, үйлчлэх хүрээ, хэмжээ, тогтоосон хязгаарлалт нь иргэдийг төөрөгдүүлсэн;
  7. Газар дээр нь хяналт тавьж буй алба хаагчдад маш тодорхой мэдээлэл удирдамж хүргүүлдэггүй;
  8. Төрийн албан хаагчдын хүний  эрхийн талаарх мэдлэг хангалтгүй зэргийг дурдаж болно.

Долоо. Дүгнэлт

     Монгол Улсын нэгдэн орсон хүний эрхийн олон улсын гэрээ, конвенцийг үндэсний байгууллагууд хэрэглэх нь хангалтгүй байна. Тухайлбал, “Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай пакт”[16]-ын 12 дугаар зүйлд “Өвчилсөн тохиолдолд эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх, сувилах нөхцөлийг бүгдэд бий болгох”, 13 дугаар зүйлд “...боловсрол олгохыг дэвшилттэйгээр нэвтрүүлэх бүхий л шаардлагатай арга хэмжээ авах замаар... дунд боловсролын төрөл бүрийн хэлбэрийг бүгдэд боломжтой, хүртээмжтэй болгох” заалтыг зөрчсөн. Үндсэн хуулиар дархалсан амьд явах эрхийг хангахгүй байна. Хүүхдэд тавих анхаарал халамж, сонор сэрэмжээ өндөрт байлгаж, хүүхэд хамгааллын чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа ажлыг улам сайжруулах шаардлагатай байна.

Засгийн газар, Улсын Онцгой комисс, Нийслэлийн онцгой комисс зэрэг олон байгууллагын шийдвэрүүд нь эргэж буцсан, ойлгомжгүй, өөр хоорондоо зөрчилдсөн нь асуудал үүсгэж байна.

Хүүхдийн эрхийн зөрчилд цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ зохион байгуулах, хяналт тавих чиг үүрэг бүхий алба хаагчдын хайхрамжгүй хариуцлагагүй байдал, хяналтаа бүрэн тавьж чадаагүй байдал  нөлөөлсөн ба тэдгээрт гарцаагүй нөхцөл байдлын үед шийдвэр гаргахдаа хүний амь, аюулгүй байдлыг хамгаалахыг нэн тэргүүнд тавих, хүнлэг зөв харьцах чиглэлийг өгөөгүй, чиг үүргийн хуваарилалт, хамтын ажиллагааны холбоо мэдээлэл солилцох суваг тодорхой бус байснаас иргэн, түүний дотор хүүхэд яаралтай тусламж авч чадахгүй хугацаа алдах, улмаар нас барах хүртэл хүний эрхийн зөрчил удаа дараа гарсан.

Шийдвэр гаргагч болон гүйцэтгэгч нарын хүний эрхийн мэдлэг, мэдрэмжийг дээшлүүлэх ажлын арга барил, сэтгэлгээ, хандлагыг өөрчлөх хүний эрхийг дээдэлдэг төрийн алба үйлчилгээг бий болгон төлөвшүүлэх нь зүйтэй гэсэн дүгнэлтийг хийж байна.

Долоо. Санал.

     Судалгааны үр дүнд дараах арга хэмжээ авах нь үр дүнтэй болно гэсэн саналыг дэвшүүлж байна. Үүнд,

  1. Бүтээлч байдал, ажил хэрэгч санал, зөв бодлогыг эрэлхийлж ажиллах;
  2. Цахим сургалтын орчныг сайжруулах;
  3. Хичээлийн агуулгыг интеграцчилан нягтруулах, сурлагын хоцрогдлыг арилгах үр бүтээлтэй давтлага, зөвлөгөө өгөх, эцэг эхийн хүчийг ашиглах;
  4. 6-11 насны хүүхэд асрах үйлчилгээг улсаас санхүүжүүлэх;
  5. Хүний эрхийн боловсрол олгох буюу хүний эрхийн талаар ойлголт, төр хувийн хэвшилд бүх шатанд сургалт явуулах;
  6. Хүүхдийн хүчирхийллийн эсрэг урьдчилан сэргийлэх зурагт хуудсыг цахим сүлжээнд хийх;
  7. Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд хүний эрхийн хичээлийг заавал оруулах;
  8. Хүүхэд амьдрах цэвэр, аюулгүй орчин, нян бактери үржихгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, халдваргүй орчныг бий болгох;
  9. Төр засгийн гаргах шийдвэр нь хүний эрхийг дээдэлсэн үндэслэл сайтай байх, түүний хэрэгжилтийг нэг мөр хангах эдгээр болно.

Найм. Эх сурвалжийн жагсаалт

  1. Монгол Улсын Үндсэн хууль. Төрийн мэдээлэл. Эмхэтгэл. УБ., 1992
  2. Монгол Улсын хүүхэд хамгааллын тухай хууль. Төрийн мэдээлэл. Эмхэтгэл. УБ. 2016
  3. Боловсролын хүрээлэнгийн хийсэн судалгааны дүн. УБ. 2021
  4. Лантуун дохио ТББ-ын мэдээлэл. УБ. 2021
  5. Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн хуралдааны тэмдэглэл.
  6. Онцгой байдлын ерөнхий газрын мэдээлэл. УБ. 2021. 02.24
  7. Улсын Ерөнхий прокурорын газрын 2020, 2021 оны 1 дүгээр улирлын статистик тоо баримт. УБ. 2021
  8. Улсын онцгой комиссын мэдээлэл. УБ. 2021.04.22
  9. Үндэсний статистикийн хорооны мэдээлэл. УБ. 2020
  10. Хүүхдийн эрхийн зөрчил гарахад хэнд, хаана, хэрхэн хандах вэ. Гарын авлага. УБ., 2019. 4 дэх тал
  11. Хүүхдийн эрхийн тухай конвенц. Олон улсын хүний эрхийн билл. УБ. 2018
  12.  Хүний эрхийн үндэсний комисс. Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх    илтгэл. “Ковид-19 ба хүний эрх” УБ. 2021
  13.  Хүчирхийллийн эсрэг төвийн мэдээлэл. УБ. 2020
  14. Чимид.Б.Төрийг засах ёс. УБ., 2019
  15. Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пакт. Олон улсын хүний эрхийн билл. УБ., 2018

АНХААРАЛ ТАВЬСАНД БАЯРЛАЛАА

[1] Монгол Улсын Үндсэн хууль. Төрийн мэдээлэл. Эмхэтгэл. УБ., 1992. №1

[2] Дурдсан эх сурвалж.

[3] Хүүхдийн эрхийн зөрчил гарахад хэнд, хаана, хэрхэн хандах вэ. Гарын авлага. УБ., 2019. 4 дэх тал

[4] Хүүхдийн эрхийн тухай конвенц. Олон улсын хүний эрхийн билл. Уб. 2018. 175 дахь тал

[5] Монгол Улсын хүүхэд хамгааллын тухай хууль. Төрийн мэдээлэл. Эмхэтгэл. УБ. 2016., №9

[6] Чимид.Б.Төрийг засах ёс. УБ., 2019. 115 дахь тал

[7] Хүний эрхийн үндэсний комисс. Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл. “Ковид-19 ба хүний эрх” УБ. 2021

[8] Үндэсний статистикийн хорооны мэдээлэл. УБ. 2020

[9] Улсын Ерөнхий прокурорын газрын 2020, 2021 оны 1 дүгээр улирлын статистик баримт. УБ. 2021

[10] Улсын онцгой комиссын мэдээлэл. УБ. 2021.04.22

[11] Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 02 дугаар сарын 17-ний өдрийн хуралдааны тэмдэглэлийг үзнэ үү

[12] Боловсролын хүрээлэнгийн хийсэн судалгааны дүн. УБ. 2021

[13] Онцгой байдлын ерөнхий газрын мэдээлэл. УБ. 2021 02.24

[14] Хүчирхийллийн эсрэг төвийн мэдээдэл. УБ. 2020

[15] Лантуун дохио ТББ-ын мэдээлэл. УБ. 2021

[16] Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пакт. Олон улсын хүний эрхийн билл. УБ., 2018. 78-79 дэх тал