ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР СУМДАД АЖИЛЛАЖЭЭ

A- A A+
ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР СУМДАД АЖИЛЛАЖЭЭ

Баян-Өлгий аймгийн прокурорын газраас жилийн төлөвлөгөөнд тусгагдсан ажлын дагуу Аймгийн прокурор Т.Батсүх 2016 оны 03 дугаар сарын 13-наас 04 дүгээр сарын 13-ны өдрүүдэд тус аймгийн Алтай, Алтанцөгц, Сагсай, Баяннуур, Цэнгэл, Улаанхус, Ногооннуур зэрэг сумдад ажиллаж  иргэдтэй уулзалт хийжээ.
Уулзалтанд нийт 645 хүн хамрагдсан ба 2015, 2016 оны эхний 3 сарын байдлаар гарсан гэмт хэрэг, шалтгаан нөхцөл, анхаарах асуудал, аймгийн  прокурорын газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, хүрсэн үр дүн, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохиосон ажил зэргээр дэлгэрэнгүй мэдээлэл хийж иргэдийн  сонирхсон асуултанд хариулт өгсөн байна.
Сумуудтай ажиллах үеэр орлогч прокурор А.Турдыбек, туслах прокурор А.Еркегүл нар дээрхи сумуудын ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажлыг 2015 он, 2016 оны эхний 2 сарын байдлаар шалгаж, сумын хэсгийн төлөөлөгч нараас гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл болон захиргааны зөрчил хүлээн авч шалгаж шийдвэрлэж байгаа байдал, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохиосон ажилтай танилцжээ.
Шалгалтаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр гаргасан төлөвлөгөөний биелэлт хангалтгүй, төлөвлөгөө оновчгүй, зарим ажлууд тасарсан зэрэг зөрчлүүд илэрсэн бөгөөд энэ талаар газар дээр нь танилцаж гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг хэрхэн үр дүнтэй зохион байгуулах талаар сум тус бүрт зөвлөгөө өгч Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлд санал хүргүүлсэн байна.
Уулзалтанд хамрагдсан иргэд аймгийн прокурорын газраас жил бүр сумуудад явж тэдний санал, хүсэлтийг сонсон хууль зүйн зөвлөгөө өгч,  гарсан гэмт хэрэг, түүний шалтгаан нөхцөл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хуулийг нэг мөр ойлгон хэрэгжүүлэх талаар идэвхи санаачлагтай ажиллаж иргэдийн эрх зүйн боловсролд хувь нэмэр оруулж байгааг сайшааж цаашдын ажил үйлст нь амжилт хүсчээ.