Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогч, хууль цаазын шадар зөвлөх Г.Эрдэнэбат, Улсын Ерөнхий прокурорын туслах, Гадаад харилцаа, эрх зүйн туслалцааны хэлтсийн дарга Г.Ганзориг нар 2016 оны 3 дугаар сарын 28-31 өдрүүдэд АНУ-ын Техас мужийн Их сургуулийн Хуулийн сургуульд зочилж Улсын Ерөнхий прокурорын газар, Хуулийн сургуулийн хамтын ажиллагааны талаар санамж бичиг байгууллаа.
Санамж бичгийн хүрээнд УЕПГ, Хуулийн сургуультай хамтран, эрүүгийн хэргийг мөрдөн шалгах явцад Үндсэн хууль, бусад хуульд заасан дагуу хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, эрүүгийн хэргийг мөрдөх, шүүн таслах ажиллагааг мэтгэлцээний үндсэн дээр явуулах талаар сургалт явуулах, Улсын Ерөнхий Прокурорын газрын санал болгосон сэдвээр хамтарсан судалгаа хийх зэрэг ажлыг зохион байгуулахаар ярилцан тохиролцжээ.
УЕПГ-ын төлөөлөгчид Даллас, Форт Ворз хотуудад зочлох хугацаандаа тус Их сургуулийн Хуулийн сургуулийн профессор, шүүгч Joе Spurlock II, профессор Paul George, "Toback & Associates” хуулийн фирмийн захирал Matthew Toback, "The Lanier” хуулийн фирмийн захирал Robert Leone, шүүгч Justin Lewis, Олон Улсын татварын шинэ тогтолцоог зохион бүтээж байгаа "VerTex” фирмийн захирал David Deputy нартай ажлын уулзалт хийж цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцон ярилцлаа.
Зүүн гар талаас: Улсын Ерөнхий прокурорын туслах, Гадаад харилцаа, эрх зүйн туслалцааны хэлтсийн дарга Г.Ганзориг, шүүгч Justin Lewis, Улсын Ерөнхий прокурорын орлогч, хууль цаазын шадар зөвлөх Г.Эрдэнэбат, Хуулийн сургуулийн шүүгч, профессор Joe Spurlock II
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба