“ХЭРГИЙН ГАЗРЫН ҮЗЛЭГ-ПРОКУРОР” СЭДЭВТ ДАДЛАГЫН СУРГАЛТАНД ПРОКУРОР, ТУСЛАХ АЖИЛТНУУД ХАМРАГДЛАА

A- A A+
“ХЭРГИЙН ГАЗРЫН ҮЗЛЭГ-ПРОКУРОР”  СЭДЭВТ ДАДЛАГЫН СУРГАЛТАНД ПРОКУРОР, ТУСЛАХ АЖИЛТНУУД ХАМРАГДЛАА

Улсын Ерөнхий прокурорын орлогч, Төрийн хууль цаазын шадар зөвлөх Ц.Бямбацогтын баталсан "Прокурорын дадлагын сургалтын хөтөлбөр”-ийн хүрээнд УЕПГ-ын Сургалтын төв, ЦЕГ-ын Сургалтын төв хамтран "Хэргийн газрын үзлэг-Прокурор” сэдэвт дадлагын сургалтыг 2016 оны 04 дүгээр сарын 14-нөөс 15-ны өдрүүдэд нийт 16 прокурор, туслах ажилтануудыг хамруулан ЦЕГ-ын Сургалтын төвийн байранд зохион байгууллаа.
Сургалтын нээлтийн ажиллагаанд ЦЕГ-ын Сургалтын төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Цогтбаяр, Улсын Ерөнхий прокурорын газрын ГХЭЗТ-ны хэлтсийн хяналтын прокурор Ш.Баасандорж нар оролцсон байна.
Дадлагын сургалтын хөтөлбөрийн дагуу эхний өдөр "Хэргийн газрын үзлэг хийх журам, үзлэг хийж буй мөрдөн байцаагчийн чиг үүрэг” сэдвээр ЦЕГ-ын Гэмт хэрэгтэй тэмцэх албаны ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Б.Бакыт, "Гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгахад үнэрийн мөрийг ашиглах нь” сэдвээр Одорологийн шинжлэх ухааны магистр Д.Нармандах,  "Хэргийн газрын үзлэгт оролцох прокурорын чиг үүрэг, үзлэгээр хэргийн ул мөр, эд мөрийн баримтыг илрүүлэх, бэхжүүлэхэд прокурорын анхаарах асуудал” сэдвээр Улсын Ерөнхий прокурорын газрын ГХЭЗТ-ны хэлтсийн хяналтын прокурор Ш.Баасандорж нар хичээл заасан ба хэргийн газрын хиймэл бүрдүүлж "Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, зураглал хэрхэн үйлдэх, үзлэгийн явц, үзлэгт техник хэрэгсэл, программ ашиглах” сэдвийн хүрээнд үзлэгийн тэмдэглэл, зураглал үйлдэх практик, дадлагын сургалт, хэргийн газарт албаны үнэрч нохойг ашиглаж буй талаархи зохиомол мөрдөлт болон үнэрээр гэмт этгээдийг илрүүлэн баривчилж буй үзүүлэх тоглолтууд хийжээ.
Мөн "Гал түймрийн шалтгаан нөхцлийг тогтооход анхаарах асуудал, галдан шатаах гэмт хэргийн газрын үзлэгт прокуророос анхаарах асуудал” сэдвээр Онцгой байдлын Ерөнхий газрын Гамшиг судлалын хүрээлэнгийн Гамшиг, туршилт шинжилгээний төвийн дарга, дэд хурандаа Х.Баян-Эрдэнэ хичээл заасан байна.
2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр "Хэргийн газрын үзлэгт оролцох криминалистикийн шинжээчийн ажил үүрэг, оролцоо” сэдвээр Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний хэлтсийн Гарын мөрийн лабораторийн эрхлэгч, цагдаагийн дэд хурандаа Д.Гантогтох, "ДНК-ийн шинжилгээгээр хохирогч, сэжигтэн, яллагдагчийг таних ажиллагаа” сэдвээр Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ахлах шинжээч, цагдаагийн дэд хурандаа н.Болдбаатар нар хичээл орж, Шүүх эмнэлгийн шинжилгээний хэлтсийн дарга Х.Батбаяр уг дадлагын сургалтанд хамрагдаж буй прокурор, туслах ажилтангуудыг шүүх эмнэлэг дээр хүлээн авч "Цогцсонд илрэх шинж тэмдэг, анхаарах асуудал”-ын талаар шүүх эмнэлэгт буй цогцос дээр жишээ татан тайлбарлажээ.
Мөн энэ өдөр ЦЕГ-ын Сургалтын төвийн танхимд прокурор, туслах ажилтан нарт зориулсан "Тусгай хэрэгсэл хэрэглэх, арга тактик” дадлагын сургалт, спорт зааланд  "Бие хамгаалах арга мэх” сурах дадлагын сургалт тус тус зохион байгуулагдаж, прокурор, туслах ажилтанууд идэвхитэй хамрагдсан байна.
Тус төвийн сэтгэл зүйчид прокурорын дадлагын сургалтанд хамрагдсан прокурор, туслах ажилтан нараас сэтгэл зүйн сорил авч, тэдний темперамент, стрессийн түвшинг тодорхойлжээ.
ЦЕГ-ын Сургалтын төвд явагдсан "Прокурорын дадлагын сургалт”-ын үеэр тус төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Цогтбаяр, Улсын Ерөнхий прокурорын газрын ГХЭЗТ-ны хэлтсийн хяналтын прокурор Ш.Баасандорж нар хамтарсан сургалт, клиник сургалтын чиглэлээр санал солилцож, цаашид ЦЕГ-ын Сургалтын төв, УЕПГ-ын Сургалтын төв хэрхэн хамтран ажиллах талаар ярилцсан байна.