Прокурорын байгууллагын ахмадын холбооны тэргүүн, ахмад прокурор Г.Бадамхандтай уулзаж ахмадын холбооны үйл ажиллагаа болон цаашид хийхээр төлөвлөж байгаа талаар хийсэн ярилцлагыг хүргэж байна.
Юуны түрүүнд таньд энэ өдрийн мэндийг хүргээд Монгол Улсын прокурорын байгууллагын дэргэд "Ахмадын холбоо" байгуулагдсан талаар яриагаа эхлүүлье.
Баярлалаа. Монгол Улсын Ерөнхий прокурорын 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/64 дүгээр тушаалаар прокурорын байгууллагын дэргэдэх ахмадын холбоо байгуулагдсан. Энэ нь прокурорын байгууллагын системд шинэ байгууллага бөгөөд өмнө нь нэгж, салбаруудын дэргэд салбар хороод ажиллаж байсныг нэгтгээд системийн хэмжээнд ахмадын холбоо байгуулсан явдалд ахмадууд бид баяртай байна.
Ер нь бол прокурорын байгууллагын өнөөгийн удирдлагууд ахмадуудаа бодлогын төвд тавьж, анхаарч буй явдалд манай ахмадуудын сэтгэгдэл маш өндөр байгаа юм. Одоо ахмадын холбоонд орон нутгаа багтаагаад 205 ахмад харъяалагдаж байгаагаас 106 нь прокурор, 99 нь прокурорын байгууллагын захиргаа, үйлчилгээний ажил хийж байсан хүмүүс байна.
Эдгээрээс 37 хувийг эрэгтэйчүүд, 63 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Нийт ахмадуудын маань 37 орчим хувь нь орон нутагт ажиллаж амьдарч байгаа бол үлдсэн нь Улаанбаатар хотод байна.
Прокурорын байгууллагын дэргэдэх ахмадын холбоо байгуулагдаад багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд ямаражил хийж амжуулав. Цаашдын төлөвлөгөө юу байна.
Ахмадын холбоо байгуулагдсанаас хойш бид уламжлалт арга хэмжээнүүдийг тасралтгүй зохион байгуулсаар байна. Хамгийн гол нь энэ хугацаанд прокурорын байгууллагын 85-н жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагаа болж өнгөрсөн ба энэ ажилд манай нийт ахмадууд ч маш идэвхитэй оролцлоо. Тэр тусмаа прокурорын байгууллагын Алдрын танхим нээх, 3 үеийн чуулга уулзалт зохион байгуулах зэрэг арга хэмжээнүүдэд идэвхитэй оролцсон.
Учир нь ахмадуудад маань прокурорын байгууллагын түүхийн үнэ цэнэтэй материалууд хадгалагдаж байдаг гэдгийг бид тухайн үед олж мэдсэн ба ахмадууд өөрт байсан зүйлсээ гарган өгч прокурорын байгууллагын түүхийг баяжуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан.
Үүнээс гадна бид 2016 онд хийх ажлынхаа чиглэлийг гаргаад ажиллаж байна. Ахмадуудынхаа өөрсдийнх нь хүчинд нь түшиглэсэн, хүсэл зоригт нь нийцсэн, арга хэмжээнүүд зохион байгуулья гэсэн чиглэлээр ажлаа төлөвлөсөн. Ахмадууд маань залуу үедээ дурсамж болгож өөрийнхөө амьдралын түүхийг үлдээх, тэдэндээ сургамж хайрласан бүтээл, туурвил гаргахад анхаарч байна.
Мөн ахмадуудын эрүүл мэнд, нийгмийн хамгааллын асуудал, цаашлаад чөлөөт цагийг нь зөв боловсон өнгөрүүлэх аялал, зугаалга зохион байгуулах гэх мэтээр өөрсдийнх нь санал дээр түшиглэсэн арга хэмжээнүүдийг төлөвлөсөн.
Ахмадууд гэдэг бол яах аргагүй прокурорын байгууллагын алтан түүх болсон хүмүүс шүү дээ. Эдний маань хийж бүтээсэн бүхэнд нь төр засгаас өгсөн шагнал урамшуулал мундахгүй байх гэж бодож байна.
Тэгэлгүй яахав. Урлаг соёлын байгууллагад алтан үеийнхэн байдаг шиг эд нар маань прокурорын байгууллагын алтан үеийнхэн юм шүү дээ. Манай ахмадууд дотор олон сайхан гавъяа, хүндтэй хүмүүс бий. Одоогоор Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн 1, Монгол Улсын гавъяат хуульч 5, Сүхбаатарын одонт 1, Хөдөлмөрийн гавъяаны одонтой 11 ахмад байна.
Хамгийн сүүлд 2015 онд прокурорын байгууллагын 85-н жилийн ойгоор хамгийн ахмад прокурор 92 настай Ж.Гомбодорж Монгол Улсын гавъяат хуульч цолоор шагнагдсан нь прокурорын системийн нийт прокурор, ажилтнууд төдийгүй монголын ард түмний сэтгэлд нь нийцсэн нүдээ олсон шагнал гэж үзэж байгаа.
Ахмадууд дундаас хамгийн өндөр настай нь хэдэн нас зооглож байна вэ?
Одоогоор 80-аас дээш настай 22, 90-ээс дээш настай 2 ахмад байна. Хамгийн өндөр настай нь энэ жил 93 нас зооглож байна. Энэ 2 ахмаддаа бид энэ жилийн сар шинийн баяраар тусгайлан хүндэтгэл үзүүлхээр төлөвлөөд байна.
Ахмадын холбоо байгуулагдсанаас хойш баяр ёслолоор ахмадуудаа хүндэтгэн хүлээж авах арга хэмжээг зохион байгуулсаар байгаа. Саяхан л гэхэд сар шинийн босгон дээр хүлээн авсан. Энэ арга хэмжээ өмнөхөөс ямар онцлогтой болов?
Ер нь бол бид ахмадуудаа жил болгоны сар шинийн баяр болон ахмадуудын баяраар хүлээж авдаг уламжлалтай. Энэ удаагийнх ахмадын холбоо байгуулагдсанаас хойшхи анхны хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ байсан. Тиймээс бид хэлбэр болон өгөөжийн хувьд арай өвөрмөц зохион байгуулах чиглэл барьсан. Ингэхдээ ахмадуудаа эрүүл агаарт гаргаж, нэг өдөр ч гэсэн хотын утаанаас хол байлгах, өөрсдийнх нь оролцоог нэмэгдүүлэх, тухайлбал ахмадуудын дунд дуу, бүжиг гээд урлаг соёлын арга хэмжээг зохион байгуулсанаар онцлог байлаа.
Энэ ажилд Ерөнхий прокурорын газар болон түүний Тамгын газраас онцгой анхаарч зохион байгуулсан явдалд бид их баярлаж байгаа. Ер нь аливаа ажил гэдэг бол өөрийн оролцоо байх тусам үнэ цэнэтэй байдаг юм байна гэдгийг бид олж харсан. Цаашдаа ч ахмадуудынхаа сэтгэлд нийцсэн хэлбэрээр зохион байгуулах тал дээр анхаарна.
Айлчлан ирж байгаа 17 дугаар Гал бичин жилийн босгон дээр шинээр байгуулагдсан прокурорын байгууллагын ахмадын холбооны үйл ажиллагааны талаар сонирхолтой ярилцлага өрнүүлсэнд баярлалаа.
Прокурорын байгууллагын удирдлагууд болон прокурор, ажилтнууд, ахмадууддаа айлчлан ирж буй Гал бичин жилдээ ажил үйлс нь ассан гал шиг бадарч, алтан нар шиг мандаж, 15-ны сар шиг мэлтэлзэж байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлж урт насалж, удаан жаргахыг хүсье.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба