Баян-Өлгий аймгийн прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Т.Батсүхтэй "Монголын мэдээ" сонины сэтгүүлчийн хийсэн ярилцлагыг хүргэж байна.
-Удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөн болж байна. Зөвлөгөөнөөр ямар асуудлууд хэлэлцэж байгаа вэ?
-Улсын ерөнхий прокурорын газраас жил бүр удирдах ажилтны нэгдсэн сургалт, зөвлөгөөнийг зохион байгуулдаг. Энэ жилийн зөвлөгөөн УИХ-аас шинэчлэн баталсан Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн хэрэгжилтийн бэлтгэл ажлыг зохион байгуулж байгаа гэдгээрээ онцлог. Түүнчлэн, прокурорын байгууллагаас энэ онд дэвшүүлсэн зорилтыг хангах бодлогын асуудлыг ярилцаж байна. Эдгээр хууль ирэх есдүгээр сараас хэрэгжиж эхлэнэ. Тиймээс хуульчид хуулийг хэрэглэх, бэлтгэх ажлыг хангах хүрээнд энэ удаагийн зөвлөгөөн болж байгаа юм. Өөр нэг гол асуудал нь прокуроруудын мэтгэлцэх ур чадварыг сайжруулах явдал. Ялангуяа хүний эрх, эрх чөлөөг хангахад чиглэсэн эрхээ хэрэгжүүлэхэд прокурорууд аль болох ур чадвартай байх, алдаа бага гаргах талаар хандсан сургалтууд болж байгаа.
-Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн хэрэгжилтийн бэлтгэл ажлыг аймгууд хэрхэн зохион байгуулах бол?
-Сургалтаар ерөнхий мэдээллүүдийг удирдах ажилтнуудад өгч байгаа юм. Хууль хэрэгжиж эхлэх хугацаа дөхсөн учраас сургагч багш нараа бэлтгэчихсэн. Тиймээс энэ оны эхний хагас жилд багтаад багш нар аймаг, нийслэлийн шүүгч, прокурор, өмгөөлөгч нарт нарийвчилсан кабинетын сургалт явуулна. Үүний дараа дор бүртээ тодорхой хэмжээнд ярилцаад үндсэндээ бэлтгэл ажил дуусна.
-Сургалтаас гадна танай аймгийн прокурор хэр үр дүнтэй ажиллаж байгааг сонирхмоор байна. Баян-Өлгий аймгийн прокурорын газар өнгөрсөн онд хийж бүтээсэн ажил ихтэй байсан болов уу?
-Өнгөрсөн онд манай аймгийн прокурорын газар өмнөө дэвшүүлсэн зорилтуудаа амжилттай хэрэгжүүлсэн. Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн улмаас хохирсон хохирогчдын эрхийг сэргээх, тэдний эрхийг хамгаалах, гэмт хэрэг үйлдсэн буюу гэм буруутай гэж үзсэн этгээдүүдэд ял завшуулахгүй байх чиг үүргийн дагуу ажиллаж байгаа. Түүнчлэн хэргийг үнэн зөвөөр нотлох, нотлох ажиллагаагаа хуулийн хүрээнд чанартай явуулж шүүхэд шилжүүлэх, хэрэг хийгээгүй хүнийг гэм буруугүйг нотолж, хэрэгсэхгүй болгох улмаар цагаатгах зэрэг чиг үүргээ амжилттай хэрэгжүүлсэн. Манай аймгийн прокурорын газар жил бүр тодорхой хэргүүдэд зорилт дэвшүүлж ажилладаг. Тухайлбал, хулгайн, ойн тухай гэмт хэргээ багасгах гэх мэтээр зорилт тавьж, сүүлийн гурван жил дараалан гэмт хэргийн гаралтыг буурууллаа. Энэ нь прокурорын байгууллага ард иргэдэд илүү нээлттэй ажиллаж чадсаны үр дүн. Өмнө нь прокурорын байгууллагын мэдээллийг ард иргэд нэг их анхаардаггүй байсан. Харин одоо манай прокурорын байгууллага хагас жил тутамд иргэддээ мэдээлэл хийдэг болсон. Ямар гэмт хэрэг зонхилон гарч байгаа болон ямар шалтгааны улмаас гараад байна вэ гэдгийг иргэдээсээ нуудаггүй болсон. Энэ нь иргэдэд сэрэмжлүүлэг болж чадаж байгаа.
-Аймгийн хэмжээнд өнгөрсөн онд эрүүгийн шинжтэй гэмт хэрэг хэр их гарав. Эрүүгийн гэмт хэргийн онцлог нөхцөл байдал нь юу байна вэ. Алслагдсан бүс нутагт гэдгээрээ хэрэг зөрчил их гардаг биз?
-Өнгөрсөн оны байдлаар Баян-Өлгий аймгийн хэмжээнд эрүүгийн нөхцөл байдал харьцангуй гайгүй буюу хөнгөн гэж хэлж болно. Учир нь аймгийн хэмжээнд онц хүнд гэмт хэргийн цөөн тохиолдол бүртгэгдсэн. Манай аймагт гарч байгаа эрүүгийн гэмт хэргийн онцлог нөхцөл байдал нь ахас ихсээ хүндэтгэх уламжлалт ёс заншлаа гээж буйтай холбогдох боллоо. Өөрөөр хэлбэл, ах, дүү, аав, ээжийгээ хүндлэх эртний сайхан уламжлал алдагдаж байгаа учир төрсөн ах, дүүс, насан туршийн өшөөтэй болох, айл хөрштэйгөө байнга маргалдаж, муудалцах улмаар бие биеийнхээ эрүүл мэнд, амь насанд халдах хүртэл тохиолдол гарч байна.
-ОХУ-тай хил залгаа байдаг аймгийн гэдэг утгаараа хилийн зөрчлийн асуудал их гарч байна уу. Хэсэг хугацаанд визгүй болсноор хэрэг их гарах боллоо гэх юм?
-Хил залгаа оршдог учир хилээр адуу мал давуулах, ОХУ-аас иргэд хууль бусаар эд зүйл нэвтрүүлэх зэрэг гэмт хэрэг тасардаггүй. Ялангуяа мал хулгайлах гэмт хэрэг тасрахгүй байна. Тухайлбал, өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 30-наас есдүгээр сарын 03-ны өдрийн хооронд нийтдээ таван удаагийн үйлдлээр 150 гаруй адуу хилээр гарлаа. Энэ нь маш харамсалтай хэрэг. Учир нь Баян-Өлгий аймгийн хувьд адуу маш өндөр үнэтэй байдаг. Бусад аймгуудад адуу 600 мянган төгрөгийн үнэтэй байхад манай аймагт 1.2 сая төгрөгийн үнэтэй байх жишээтэй. Аймгийн нийт иргэд хүнсэндээ заавал адуу хэрэглэдэг болохоор адууны үнэ байнга бусад аймгаас өндөр байдаг юм. Тиймээс бид энэ асуудлаар аймгийн хууль хяналтын байгууллага, хил хамгаалах газар, малчидтайгаа хамтраад зөвлөгөөн зохион байгуулсан. Түүнчлэн, өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ОХУ-аас ангийн бууны сум оруулж ирсэн нэлээн олон тохиолдол гарлаа. Гарсан хэргүүдийг шийдвэрлэчихсэн байгаа гэхэд ер нь л их ачаалалтай ажиллаж байна. Гэхдээ зөвхөн манай аймгийн прокурорууд ингэж ачаалалтай ажиллаад байгаа юм биш. Бүх л газарт прокурорууд маш их ачаалалтай байдаг. Өглөө босохдоо өөрийн ахуй амьдралын тухай бодож босдог удаа цөөн шүү. Тэр хүний хэргийг хэрхэн шийдэх, энэ хүний асуудлыг яах билээ гэж бодсоор л сэрдэг.
-Ачаалал их байгаа нь үнэн. Нөгөө талаар та бүхнийг тойрсон хэл ам тасрахгүй юм. Цалин хангамжийн хувьд хэр сэтгэл хангалуун байна?
-Прокуроруудын цалинг хамгийн сүүлд 2011 онд тогтоогдсон байдаг. Гэтэл түүнээс хойш бусад төрийн бүх албан хаагчдын цалин хамгийн багадаа 30-40 хувиар нэмэгдлээ. Зарим нь бүр 70-80 хувиар нэмэгдсэн байх жишээтэй. Шүүгч нарынх бол ойлгомжтой хэд дахин нэмэгдсэн. Гэхдээ бид төрийн нэгдмэл захиргаа удирдлагаар хангагддаг гэдэг утгаараа цалингийн талаар хэл ам хийгээд явдаггүй. Өнөөдөр бүх л прокурорууд цалингийн, байрны, машины гээд төрөл бүрийн зээлтэй байгаа. Тиймээс прокуроруудад цалин нь амьдрал ахуйд нь хүрэлцэх асуудал хүндрэлтэй. Прокурорын туслах зэрэг албан тушаалтнууд сардаа гар дээрээ 200-350 мянган төгрөг л авч байх жишээний. Тэр нь зээлтэй хүмүүст хүрэлцэхгүй нь ойлгомжтой. Тиймээс энэ асуудал дээр төрөөс анхаарах цаг болсон байх гэж бодож байна. Шүүгчдийн цалин шиг өндөр болгох нь ч хаашаа юм. Бусад төрийн албан хаагчтай адил ядахдаа 30-40 хувиар өсгөх цаг болсон гэдгийг нийт прокуроруудынхаа өмнөөс хэлье.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба