Ерөнхий прокурорын газраас дэвшүүлсэн зорилтын хүрээнд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, прокурор ажилтнуудын ажил, амьдралын түүх, арга туршлагаас та бүхэнд хүргэх зорилтыг тавьж байгаа ба энэ удаагийн зочноор прокурорын байгууллагын олон зуун эмэгтэй прокурор, ажилтны төлөөлөл болгон Улсын Ерөнхий прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн хяналтын прокурор Ц.Туулыг урьсан юм.
Би 1984 онд МУИС-ыг "эрх зүйч" мэргэжлээр төгссөнөөс хойш өнөөдрийг хүртэл 32 жил прокурорын байгууллагад ажиллаж байна. Миний ажлын гараа Төв аймгийн прокурорын газраас эхэлсэн. 1984-1987 онд Төв аймгийн прокурорын газарт хэсгийн прокурор, ахлах мөрдөн байцаагч болон шүүхийн хяналтын ажил хариуцсан туслах прокуророор ажиллаж байлаа. Би хүүхэд байхаасаа л "хуульч болно" гэсэн хүсэл сонирхолтой байсан. Мөн аавын маань мэргэжил надад нөлөөлсөн. Би ааваараа бахархаж явдаг. Миний аавыг Сандагийн Цэдэнноров гэдэг хүн байсан. Аав маань 1940-1953 онд Монгол Улсын Дээд шүүхийн даргаар 13 жил ажилласан хүн байсан юм. Би аавынхаа энэ мэргэжлийг өвлөж, хуульч болох хүсэлтэй байсан. Эзэмшсэн мэргэжлээрээ ажилласнаас хойш нэлээдгүй жилийг ардаа орхижээ. Төв аймгийн прокурорын газарт ажиллаж байгаад 1987 онд Улаанбаатар хотын прокурорын газарт томилогдон ирж, мөрдөн байцаагчаар ажиллаж байлаа. Тэр үед прокурорын байгууллага дэргэдээ мөрдөн байцаах хэлтэстэй байсан юм. Манай хэлтсийн даргаар гавьяат хуульч М.Бадрах гэж хүн ажиллаж байлаа. Улаанбаатар хотын прокурорын газарт мөрдөн байцаагчаар 2 жил ажиллаад, 1989 оноос Хан-Уул дүүргийн прокурорын газарт Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокуророор 7 жил ажилласан. Тэгээд 1995 оны 7 дугаар сараас УЕПГ-ын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтэст томилогдоод 2010 оны 12 сар хүртэл буюу энэ хэлтэс татан буугдах хүртэл 15 жил ажилласан. 2010 оны 12 сараас 2015 оны 4 сар хүртэл Нийслэлийн прокурорын газарт Мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих, мөн Мэдээлэл дүн шинжилгээ, бодлого, төлөвлөлтийн хэлтсийн хяналтын прокуророор ажиллаж байсан. Тэгээд 2015 оны 4 дүгээр сараас Шүүхэд төрийг төлөөлөх хэлтэс дахин байгуулагдаж, энэ хэлтэст хяналтын прокуророор томилогдон жил гаруй хугацаагаар ажиллаж байна. Би шүүхэд төрийг төлөөлөх хяналтын ажлыг 16 жил хийжээ. Энэ хугацаанд мэдлэг, чадвартай олон сайхан залуучууд, мөн ахмад үеийнхэнтэйгээ ажиллаж байснаараа бахархдаг. Тухайн үед хэлтсийн даргаар Д.Доржготов, Нийслэлийн прокуророор ажиллаж байсан Б.Бат-Орших, Дүүргийн прокуророор ажиллаж байсан Т.Баярсайхан нар манай хэлтсийн даргаар ажиллаж байлаа. Д.Доржготов прокурор маань Дээд шүүхийн шүүгч болсон, маш их дадлага туршлагатай жинхэнэ бидний хүндэтгэл хүлээсэн хүн байсандаа. Мөн ахмад прокурор Д.Ханджав Д.Сэрдамба, залуу прокурор Д.Дамдинсүрэн, Д.Доной О.Алтангэрэл, Н.Найгалдорж, Х.Батчимэг гээд олон сайхан залуу болон ахмад үеийнхэнтэйгээ мөр зэрэгцэн ажиллаж байснаараа одоо ч бахархдаг.
Та прокурорын мөрдөн байцаагчаар ажиллаж байсан гэлээ. Эмэгтэй хүний хувьд мөрдөн байцаагчаар ажиллахад хүндрэл бэрхшээл байв уу?
Тухайн үеийн "мөрдөн байцаах хэлтэс " гэдэг нь одоогийнхоор мөрдөн байцаах алба л юм даа. 1990-д оны үеэс дүүргийн прокурорын газруудын дэргэд 1 мөрдөн байцаагч ажилладаг байсан. Мөрдөн байцаагч нар нь тусгай харьяаллаар хөдөлмөр хамгааллын, насанд хүрээгүй хүүхдийн , албан тушаалын гэх хэргүүдийг бие даан шалгадаг байсан. Мөрдөн байцаагч хийж байх үед залуу ч байлаа, бэрхшээлтэй, мэдэхгүй чадахгүй юм зөндөө л гардаг байлаа. Ялангуяа хөдөө орон нутагт одоогийнх шиг техник, технологи хөгжөөгүй, унаа тэрэг байхгүй нөхцөлд хэргээ тэврээд, шалгуулж байгаа хүнээ дагуулаад сумдаар явдаг, машин тэргэнд гар өргөж суугаад, дайгдаад л явдаг байсан. Зарим мөрдөж байсан хэргээс дурдвал: Төв аймгийн Эрдэнэсант сумын Банкны эрхлэгч банкинд хадгалагдаж байсан боолттой мөнгөн дэвсгэртийн дундаас сугалж, улсын өмч завшсан хэргийг илрүүлж, шүүхэд шилжүүлж буруутай эсэхийг нь шийдвэрлүүлж байлаа. Энэ хэрэг "Улсын эд хөрөнгө шамшигдуулах, завших " буюу тухайн үеийн Эрүүгийн хуулийн 63 дугаар зүйлийн "в" хэсэгт заасан онц хүнд хэрэг, цаазын ялтай, хэрэг байсан. Мөн Төв аймгийн Дэлгэрхангай сумын банкны нярав мөнгө завшсан хэргийг шалгаад, шүүхэд шилжүүлж байсан гэх мэт тухайн үед шалгаж байсан хэргүүд нилээд бий. Тэр үед техник төхөөрөмж гээд байх зүйл байхгүй бичгийн машинаар л байцаалт авдаг байлаа, ганц зургийн аппарат, хэргийн газрын үзлэгт явахдаа авч явдаг гар цүнх л байдаг байсан. Одоогийнх шиг зүйлс байсангүй.
Тэгвэл тухайн үед прокурор, мөрдөн байцаагч нэг удирдлаган дор ажилладаг байсан гэсэн үг үү.
Тухайн үед прокурорын газрын дэргэд мөрдөн байцаах хэлтэс гэж байсан. Нийслэлийн прокурорт хэлтсийн дарга, 10-аад мөрдөн байцаагчтай хэлтэс байсан. Тэр мөрдөн байцаагч нарын шалгасан хэргийг нь хянадаг тусдаа туслах прокурор гэж байсан. Тэр үед хамт мөрдөн байцаагчаар ажиллаж байсан хүмүүс бүгд л прокурор болсон доо.Тухайлбал: одоо Тээврийн прокурорын орлогчоор ажиллаж байгаа Д.Сарантуяа, Улсын Ерөнхий прокурорын газрын Мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Д.Эрдэнэцэцэг /тэтгэвэрт гарсан/ нар байна.
Шүүхэд төрийг төлөөлөх хэлтэс /ШТТ/гэдэг маань анх хэдэн оноос бий болсон бэ? Нэг хэсэг энэ хэлтэс татан буугдаад 2015 оноос дахиж байгуулагдсан шүү дээ. Энэ хэлтсийн үйл ажиллагааны талаар сонирхуулаач.
Прокурорын байгууллага үүсэн байгуулагдсан үеэс "прокурор шүүхэд төрийг төлөөлөх" гэсэн чиг үүрэг үндэс сууриараа тавигдаж ирсэн. 1960, 1970 оны үеэс "шүүхийн хяналт" гэдэг нэршилтэйгээр, шүүхээс гарч байсан тогтоол, шийдвэр, шүүгчийн захирамжинд хяналт тавьдаг чиг үүрэгтэй байлаа. 2000 оноос эхлээд "шүүхэд төрийг төлөөлөх" гэдэг албан ёсны нэрээр прокурор хяналтаа хэрэгжүүлж байна. 2010 оны 12 сард Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийг татан буулгасан. Уг нь Монгол улсын Үндсэн хуульд " ...прокурор нь шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцох..." гэж прокурорын байгууллагын чиг үүргийг маш тодорхой зааж өгсөн байдаг. 2015 оны 4 дүгээр сараас Шүүхэд төрийг төлөөлөх хэлтэс шинээр байгуулагдаад чиг үүргээ хэрэгжүүлээд ажиллаж байна.
Прокурорын байгууллагад эмэгтэйчүүдийн эзлэх хувь өндөр байдаг. Прокурор гэдэг энэ хариуцлагатай үүргийг хэрэгжүүлэхэд эмэгтэй хүний хувьд бэрхшээл, төвөгтэй зүйл болон давуу тал нь юу байдаг вэ?
Манай прокурорын байгууллагын 70 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Эмэгтэй хүн гэдэг утгаараа ар гэр, үр хүүхэд гээд ажлын хажуугаар зохицуулах зүйл их байдаг. Би прокурорын байгууллагад ажиллаж байгаа эмэгтэйчүүдийг маш их тэвчээртэй, хатуужилтай эмэгтэйчүүд гэж боддог. Яагаад гэвэл манай прокурорын байгууллагын ажил амаргүй ажил шүү дээ, Прокуророор ажиллаж байгаа хүнд алдах, эрх байхгүй.Энэ их хариуцлагатай ажлын хажуугаар ар гэрээ зохицуулна гэдэг амаргүй. Эмэгтэй прокурор ямарваа хэрэг асуудалд эрэгтэй прокуроруудаас арай илүү нягт нямбай, нухацтай, няхуур ханддаг гэж би ойлгодог, прокурорын байгууллагад ажиллагсдын дийлэнх нь эмэгтэйчүүд ажилладаг гээд прокурорын ажилд ямар нэг сөрөг нөлөө байхгүй, харин ч эерэг нөлөөтэй гэж үздэг.
Энэ ярилцлагын дашрамд нийт эмэгтэй прокурорууд, ажилтнууддаа эмэгтэйчүүдийн баярын мэндийг хүргэж эрхэлсэн ажил амьдралд нь хамгийн сайн сайхныг хүсье.
Зочин хөтлөгч : Тантай санал нэг байна. Эмэгтэйчүүдтэй ажиллахад эерэг сайхан зүйл их байдаг. Эмэгтэй прокурорууд маань ар гэр , үр хүүхэд, хань ижил, ажил алба гээд бүх зүйлээ л зохицуулж явдаг. Гэхдээ прокурор хүн гэдэг утгаараа ажил албаа хамгийн эхний байранд тавьдаг байх. Манай хамт олны дунд зоримог, чадалтай, мэдлэгтэй олон сайхан эмэгтэй прокурорууд байдаг. Та хамт ажиллаж байсан прокуроруудынхаа талаар энэ мөчид дурсаач.
Сая өөрийн чинь хэлснээр эмэгтэй хүн хань ижил, гэр бүл гээд бүх зүйлээ зохицуулж явна шүү дээ. Тэгэхээр энэ хүнд хүчир ажилд нойр хоолгүй зүтгэж, хоёргүй сэтгэлээр ажиллаж байсан олон сайхан эмэгтэй прокурорууд байлаа. Эргээд дурсахад сайхан байна. Ерөнхий прокурорын газар хамт ажиллаж байсан МУ-н гавьяат хуульч Д.Даарийжав, мөн ШТТ хэлтэст олон жил хамт ажиллаж байсан Д.Ханджав гэж сайхан прокурор байлаа. Энэ хяналтын ажилд мэргэжсэн, бидний хэлдэгээр хяналтын ажилдаа гаршсан эмэгтэй прокурорууд олон байсан. Түүний нэг нь Д.Сэрдамба прокурор, мөн олон жил нэг хэлтэст хамт ажиллаж байсан залуу прокурор Х.Батчимэг байна. Миний хувьд эдгээр прокуроруудтай хамт ажиллаж байснаараа бахархаж явдаг даа. Тэр хүмүүсийн хийсэн ажлыг өнөөдөр үргэлжлүүлээд явж байгаадаа их баяртай байна.
Та УЕПГ-ын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтэст 16 жил ажилласан гэдэг утгаараа, энэ хяналтын ажлын бодлогыг тодорхойлолцож явжээ. Тэгэхээр "мэтгэлцээн" гэдэг ойлголт, мэтгэлцээнийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлын талаар залуу прокуроруудад хандан хэлэх зүйл юу байна?
1994 онд анх удаа ЭБШХ-д "..шүүх хуралдаан мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явагдана..." гэсэн томьёолол тусгагдсан. 2002 онд батлагдсан ЭБШХ-д мэтгэлцэх зарчмыг тодотгоод зогсохгүй үүнтэй холбоотой ойлголтуудыг тусгаж өгсөн байдаг. "Мэтгэлцээн" гэдэг нь хараат бус хөндлөнгийн шүүгчийн өмнө шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг талууд өрсөлдөх хэлбэрээр нотолдог, маргаан шийдвэрлэх ажиллагааны нэг төрөл л юм. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлгийн үед мэтгэлцэх чадвараа гаргах ёстой. Шүүгдэгч гэм буруутай юу, ямар нотлох баримтаар энэ хүний гэм буруутай эсэх нь нотлогдож байгаа вэ гэдгийг шүүхийн өмнө нотлохыг "мэтгэлцэх чадвар" гэж нэрлэдэг. Прокурор төрийн нэрийн өмнөөс яллах ажиллагааг илтгэх ур чадвар гэж ойлгох ёстой. Прокурорын байгууллагаас 2016 онд "Улсын яллагчийн мэтгэлцэх ур чадварыг дээшлүүлэх, иргэний шүүх хуралдаанд оролцох прокурорын оролцоог нэмэгдүүлэх" гэсэн зорилт тавьсан нь энэ хяналтын ажил чухал ач холбогдолтой гэдэг нь харагдаж байгаа. Энэ зорилтын хүрээнд Төв орон нутгийн прокурорын газрууд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэхээр олон ажил хийж байна.
Шинэ залуу прокуроруудад мэтгэлцэх ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр практик сургалтууд хийгдэж байна. Залуу прокурорууд маань "мэтгэлцэх" гэдэг ойлголтыг эхлээд өөрөө ойлгох ёстой. Шүүх хуралдаанд мэтгэлцэхийн тулд өөрийнхөө ажил хэргийн мэдлэгээ дээшлүүлэх, илтгэх ур чадвараа сайжруулах ёстой гэж хэлмээр байна даа.
Ажлын чиг үүрэгтэй холбоотой асуудлаар багагүй ярилцлаа. Ц.Туул прокурорыг бид "тамирчин" гэдгийг мэднэ. Та спортын олон тэмцээн, уралдаанд оролцож байсан. Энэ талаараа сонирхуулаач.
Спорт бол миний сонирхол. Тэрнээс би спортын хүн биш. Өөрийн сонирхлын дагуу Хуулийн төв байгууллагуудын дунд жил бүр уламжлал болон зохиогддог спортын тэмцээнүүд, прокурорын байгууллагаас зохиогдож байгаа тэмцээнүүдэд алгасахгүйгээр оролцож ирсэн. Жил болгон зохиогддог Хуулийн төв байгууллагуудын дунд зохиогддог спортын тэмцээний теннисний хос төрөлд Д.Дамдинсүрэн, Д.Сарантуяа нарын прокуроруудтай хамтран оролцож, 10 удаа аварга болсон. Манай прокурорын байгууллагын жил бүр уламжлал болгон зохиогддог сагсан бөмбөгийн, гар бөмбөгийн төрлүүдэд өөрийнхөө чадах чинээгээр сонирхлын дагуу оролцож ирсэн. Сагсан бөмбөгийн I зэрэгтэй.
Таныг спортоос гадна урлагийн багагүй авьяастай гэж сонссон. Шанз хөгжим тоглодог байхаа.
Энэ бол бас л хүүхэд насны л сонирхол байсан даа. 10 жилийн сургуульд байхдаа хөгжмийн дугуйланд явж шанз тоглож сурсан. Тэр үед чинь хүүхэд болгон л секц, дугуйланд хамрагддаг байсан шүү дээ, тэрний л жишигээр гэх үү дээ, тэрнээс надад урлагийн, спортын гэх гойд гоц авьяас байхгүй ээ. /инээв/ Багадаа сурсан зүйлээ л орхилгүй, хааяа тоглодог юм.
Хамгийн сүүлд та шанз хөгжим хэзээ тоглов.
Сүүлд 2008 онд байхаа Ерөнхий прокурорын газраас зохион байгуулсан урлагийн наадамд оролцожтоглосон. Тэрийг зарим прокурорууд маань санаж байгаа байх, тэрийг л та сонсож л дээ. /инээв/
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба