Сар шинийн баяраар Прокурорын байгууллагын хамт олонтойгоо уулзуулж, прокуророор ажиллаж байх үеийн түүхэн он жилүүдийн дурсамж, сургамжит ярилцлагыг хүргэх үүднээс таныг зорьж ирлээ. Таны анх прокурорын байгууллагад орж ажилласан талаар ярилцлагаа эхлэе.
Прокурорын байгуулагын нийт прокурор, ажилчиддаа шинэ оны мэндчилгээ дэвшүүлэх энэ боломжийг олгож байгаад баярлалаа. Би 1982 онд МУИС-ийн хуулийн ангийг төгсөөд, өөрийн төрсөн нутаг Дундговь аймгийн прокурорын газарт хяналтын прокуророор томилогдсоноор ажлын гараагаа эхлэж байсан. Тухайн үед хэсгийн прокурор гэж байсан. 3-4 сум хариуцаж хөдөө орон нутагт шуудангийн унаагаар явж, ажил албаа залгуулдаг байлаа. Заримдаа Морь унаад ч, мотоциклтой хүнд сундлуулаад ч явдаг байсан. Ингэж хөдөө орон нутагт би 10 жил ажиллаад, Улаанбаатар хотод шилжин ирж 22 жил, нийт 32 жил прокурорын байгууллагад прокуророор ажилласан байна. Хүний амьдрал их богинохон нэг л мэдэхэд цаг хугацаа урсан өнгөрч, тэтгэвэрт гарах насанд хүрчихсэн байлаа.
Та Нийслэлийн прокурорын газарт ХБМБАХТХ-ийн даргаар ажиллаж байсан. Энэ хугацаанд олны анхаарал татсан олон хэрэг шалгагдаж, хянагдаж, шийдвэрлэгдсэн. Миний санахын таныг хамгийн анхны "бие хамгаалагчтай прокурор” гэж ярьдаг. Энэ талаар сонирхуулаач?
Би 1998 онд "Тэргүүний прокурор”-оор шалгарч, ахлах прокурор гэдэг цолоор шагнагдаж их урам авч байлаа. Тэр үед Ерөнхий прокуророор Н.Ганбаяр прокурор ажиллаж байсан. Н.Ганбаяр прокурор намайг Нийслэлийн прокурорын газарт хяналтын прокуророор томилсон. М.Алтанхуяг прокурор 1999 оны 7 сард Ерөнхий прокурор болж, шинэ зохион байгуулалт хийж, намайг Нийслэлийн прокурорын газрын ХБМБАХТХ-ийн даргын албан тушаалд томилсон юм. Хэлтсийн даргаар ажиллаж байх хугацаанд нэлээд ноцтой, олны анхаарал татсан "Центрпойнт”-ын гэх хэрэг гарсан. Энэ хэрэгт биечлэн хяналт тавихын зэрэгцээ "Сэргээн босголтын банк”-ны хэрэг, "Казино”-гийн хэрэг гэх мэтчилэн хэргүүдэд бид хяналт тавьж байлаа. Нийслэлийн прокурорын газрын ХБМБАХТХ-ийн харьяаллын хэргүүд бол улсын хэмжээний хүнд, онц хүнд, ээдрээ төвөгтэй хэргүүд байдаг байсан. Тэгэхээр хэлтсийн даргын хувьд эдгээр хэргүүдэд тодорхой хэмжээгээр хяналт тавьж, ажиллаж байсан. Тэр үед олны анхаарал татсан, нийгмийг зарим талаараа түгшээсэн, "эрүүгийн элементүүд” гэж нэрлэгдэж байсан нэлээд олон хүн энэ хэргүүдэд хамрагдаж, шалгагдсан. Энэ хэргийн хүрээнд шалгагдаж байсан хүмүүс 50, 60-аар тогтохгүй, их олон хүн хамрагдан, шалгагдаж, хэрэг шийдвэрлэгдсэн. Тухайн үед надад Улсын Ерөнхий прокурорын орлогч Ц.Жамъяансэнгээ "…хэргийн нөхцөл байдлаас шалтгаалаад прокурорт бие хамгаалагч хэрэгтэй, Цагдаагийн Ерөнхий газрын тусгай тасгаас энэ хэрэг дуустал бие хамгаалагч ажиллуулж, таны аюулгүй байдлыг хамгаална…” гэж хэлж байсан. Эдгээр хэргүүдийг шийдвэрлэж дуустал 3 жил гаруй хугацаанд би бие хамгаалагчтай байсан. Эргээд бодоход нэг талаас намайг хамгаалахаас гадна, нөгөө талаас гадны нөлөөнд автуулахгүй байх гэсэн утгаар хамгаалалт өгсөн гэж боддог. Прокурорын байгууллагын түүхэн хөгжлийг судалж байхад үүсэн байгуулагдсан цагаасаа хойш хяналтын прокурор бие хамгаалагчтай байсан тохиолдол байхгүй байх.
Та хэдийгээр гавьяаны амралтаа авсан боловч зүгээр суугаагүй гэж сонссон. Одоо хийж байгаа ажлынхаа талаараа сонирхуулна уу.
Би тэтгэвэрт гараад 2 жил болж байна. Би яг тэтгэвэр тогтоолгох насандаа хүрэнгүүт л хүсэлтээ өгөөд гарсан. Тэтгэвэрт гарангуут хэсэг сайхан залуучууд намайг хамтарч ажиллахыг урьсан. Одоо би 2 ч өмгөөллийн нөхөрлөлийн зөвлөхөөр ажиллаж байна. Залуучуудад өөрийн мэддэгээ зааж өгч, өөрөө ч залуучуудаас суралцаж байна. Прокурор хүн Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулиудын хүрээнд ажилласаар байтал хоцрогддог юм байна лээ. Өмгөөлөгч хүн гэдэг олон талаар хөгжих боломжтой ажил. Одоогийн залуучууд боловсрол, мэдлэгтэй, байцаан шийтгэх ажиллагаанд оролцох арга барил сайтай болчихсон байна.
Олон жил прокурор, улсын яллагчаар ажиллаж байсан хүн одоо өмгөөлөгчөөр ажиллаад сэжигтэн яллагдагчийг өмгөөлөөд явахад хувь хүний хувьд хүндрэлтэй тал юу байна?
Энэ бол ерөөсөө л нэг хавтаст хэргийн 2 тал шүү дээ. Аль талаас яаж харах вэ гэдэг хүний өөрийнх нь мэдрэмж, мэдлэг чадвар юм. Зарим хүмүүс ерөөсөө тэр талаас нь харж, хандаж чадахгүй байна гэдэг. Миний хувьд өөр өөрийнхөө ажиллаж байгаа чиглэлээ хараад явахад хүндрэл байхгүй гэж боддог. Яллагч хүн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд ажилладаг, баримт дутуу бол хүндрэл гардаг, харин өмгөөлөгч гэдэг бол ахуй амьдрал, хувийн байдлаас эхлээд хууль тогтоомж, олон улсын гэрээ, хэлэлцээр гээд л маш их зүйлийг гаргаж ирж, өмгөөлж болдогоороо онцлогтой.
Одоо та прокуроруудаа хөндлөнгийн байр сууринаас харахад ямар зүйл дээр алдаж байна. Хэргийг бүрэн хянаж шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүлж чадаж байна уу?
Би ч өөрөө загнуулахдаа загнуулж, хийхдээ хийж явсан хүн. Яг хөндлөнгөөс харахад хүний өө их ажиглагддаг юм байна. Гэхдээ өмгөөлөгч, прокурор 2 их ялгаатай. Өмгөөлөгч ганцхан хэргийн төлөө явна, харин прокурор ширээн дээрээ, сейфэндээ 10,20, мөрдөн байцаалтын ажиллагаанд 20-30 хавтаст хэрэгт хяналт тавьдаг. Ажлын ачаалал ихтэйгээс мөрдөн байцаалтын ажиллагаанд тэр бүр оролцож, хэрэг бүртээ хүрч ажиллаж чадахгүй байгаа байдал ажиглагддаг. Нэг байцаалтанд оролцоход л их юм мэдэгдэнэ шүү дээ. Прокурор мөрдөн байцаалтын ажиллагаанд өөрийн биеэр оролцож чадвал ямар өнгө төрхтэй хэрэг вэ, энэ хэргийг ямар байдлаар, яаж шийдэх вэ гэдгийг түлхүү мэдэрч чадна. Хэргээ бүрэн мэдээгүй, нотлох баримтыг хагас дутуу уншаад, дүгнэлт бичээд шүүхэд шилжүүлхээр учир дутагдалтай байдал ажиглагддаг. Прокурорууд маш залуужсан, тиймээс туршлагатай ахмад прокурорууд хэргийг бүрэн дүүрэн ойлгож мэдэрч, шүүхийн өмнө нүүр бардам байх тийм арга барилд залуу прокуроруудыг сургаж, дадлагажуулах нь чухал байна. Өөрөөр хэлбэл практик сургалт хэрэгтэй.
Бидний урилгыг хүлээн авч сонирхолтой ярилцлага өгсөнд баярлалаа. Нийт прокурорууддаа сар шинийн мэндчилгээ дэвшүүлнэ үү.
Би 32 жил прокурорын байгууллагад ажиллахдаа сайхан хамт олон, сайн удирдлагуудтай ажиллаж байсан, азтай хүн гэж өөрийгөө боддог. Эдгээр хүмүүсээс их зүйл сурсан минь насан туршид хэрэг болж байна. Ингээд үе үеийн ахмадууд, прокурорын байгууллагын удирдлагууд, хамт ажиллаж байсан прокурорууддаа баярлаж явдагаа илэрхийлье. Нийт прокурорууд, ахмадууддаа айлчлан ирж буй 17 дугаар жарны Гал бичин жилдээ аз жаргалтай, эрүүл энх байхыг хүсэн ерөөе.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба