Д.ХАШ-ЭРДЭНЭ : ХУУЛЬ ЗҮЙН САЙД АСАН Д.ДОРЛИГЖАВ МИНИЙ ШАВЬ БАЙЛАА

A- A A+
Д.ХАШ-ЭРДЭНЭ : ХУУЛЬ ЗҮЙН САЙД АСАН Д.ДОРЛИГЖАВ МИНИЙ ШАВЬ БАЙЛАА

 

"Ярилцлагын цаг" булангийн шинэхэн зочноор ахмад прокурор Долгорсүрэнгийн Хаш-Эрдэнийг урьж сонирхолтой ярилцлага өрнүүллээ. Тэрээр 1966-2001 он хүртэл УЕПГ болон Дүүргийн прокурорын газруудад хяналтын прокуророор ажиллаж байсан. Д.Хаш-Эрдэнэ нь Монголын анхны хуульч, сэхээтэн бүсгүйчүүдийн нэг бөгөөд прокурорын байгууллагаас гадаад улсад сургалтанд хамрагдаж байсан анхны эмэгтэй прокурор, Хууль зүйн сайд Д.Дорлигжавын багш гээд онцлох зүйлтэй ихтэй, манай ахмад прокуроруудын нэг юм.

Ас : Анх хэдэн онд прокурорын байгууллагтай ажил, амьдралаа холбосон талаар яриагаа эхлүүлье гэж бодлоо...

Хар: Би анх 1966 оны 06 сарын 30-нд Улсын Ерөнхий прокурорын газрын Ерөнхий хяналтын хэлтэст прокуророор томилогдон, ажиллаж эхэлсэн. Тушаал маань 1966 оны 07 сарын 03-ны өдөр гарсан байдаг. Тухайн үеийн Улсын Ерөнхий прокурор ЗХУ-ын Москва хотын М.Ломоносовын нэрэмжит Улсын их сургуулийг "хуульч" мэргэжлээр төгссөн, манай анхны өндөр боловсролтой хуульч нарын нэг Д.Ёндондүйчир гэж хүн ажиллаж байлаа. Тэр үед гадаадад төгссөн байтугай дээд боловсролтой хуульч цөөхөн байлаа шүү дээ. 1960-аад оны эхээр прокурорын байгууллагад хууль зүйн дээд боловсролтой нь ердөө 4 хүн, мөрдөн байцаагчдын 90 орчим хувь нь мэргэжлийн тодорхой сургууль төгсөөгүй хүмүүс байсан бол 1969 онд прокурор,мөрдөн байцаагчдын 28 хувь нь л дээд боловсролтой болж байсан гэдэг. Монгол Улсын их сургуулийн хуулийн анги нээгдэж дээд боловсролтой хуульч бэлтгэж эхэлснээс 3 дахь төгсөлт нь манайх байсан юм.

Намайг ажилд орход анхны гавъяат хуульчдын нэг С.Батсүх Ерөнхий хяналтын хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан. Манай хэлтэс 6 орон тоотой, гавьяат хуульч С.Батсүх, сүүлд Дарханы прокурор хийж байсан Хоохой Доржпалам, бичиг хэргийн ажилтан Дэчинжав бид хэд нэг өрөөнд суудаг байлаа. Улсын Ерөнхий прокурорын газар одоогийн хүнсний 50-р дэлгүүрийн урд талын 2 давхар ягаан байранд байрлаж байсан.

 

Цөөхөн хэдхэн өрөөтэй, тэр байранд л прокурорын байгууллагын бүх ажил явагддаг байсан даа. Тэр жил дотоодын хяналт шалгалт хийх Шалган зааварлах хэлтэс шинээр бий болж хэлтсийн даргаар нь Мөрдөн байцаах хэлтсийн прокурор байсан Ж.Гомбодорж ажиллаж байлаа. Харин Мөрдөн байцаах хэлтсийн дарга Р.Сүхбаатар, Шүүхийн хяналтын хэлтэсд Хорлоо гэж өвгөн, дээд шүүхийн Бүжинлхам хоёр, Тусгай хяналтын хэлтсийн даргаар Хишигдэлгэр гэж хүн байсан. Тэрний дор туранхай Дугарсүрэн гэж хүн байсан. Тарган, туранхай 2 Дугарсүрэн байсан юм./инээв/. Ийм л цомхон аппаратаар Улсын прокурорын ажил явагддаг байлаа.

Ас : Ажлын гараагаа эхэлсэнээс хойш аль аль дүүргийн прокурорын газруудад ажиллаж байсан талаараа эргэн дурсаач...

Хар : Улсын Ерөнхий прокурорын газарт 1966 оноос 1975 онд хүртэл 9 жил ажилласан. Ингэхдээ 1966-1970 он хүртэл Ерөнхий хяналтын хэлтэсд ажиллаж байгаад Тоо бүртгэл, Мэдээллийн тасаг шинээр байгуулагдаж Жамъян гэж мөрдөнгийн прокурорыг даргаар нь тавиад намайг хяналтын прокуророор нь ажилуулсан. Энэ нь одоогийн Дүн шинжилгээ, судалгаа, хяналтын хэлтэс юм уу даа. Мэдээнүүд нэгтгэдэг ажилтай. Тухайн үедээ гараар эргүүлдэг машин, сампин 2-той л ажиллаж байлаа. Энд 1974 он хүртэл ажиллаж байтал статистик мэдээлэл, эдийн засгийн анги төгссөн Цэрэнбалжир гэдэг мэргэжлийн хүнийг томилоод намайг Мөрдөн хэлтэст өгсөн дөө. Тэндээ 1975 оны 7 сар хүртэл ажиллаад Ажилчны районы прокурорын газарт Шүүхийн хяналтын туслахаар 1980 оны 12 сар хүртэл ажилласан. 1980 оны 12 сараас Сүхбаатарын районы прокурорт Ерөнхий хяналтын прокуророор, 1991 оны 2 сараас Хан-Уул дүүргийн прокурорт Ял эдлүүлэх, Тусгай хяналтын прокуророор ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан.

Ас : Одоогийн Улсын Ерөнхий прокурорын газар байрлаж байгаа байр хэзээ баригдаж байсан юм бэ. Энэ талаар таныг нилээд сайн мэддэг гэж сонссон.

Хар : Мэдэлгүй яахав дээ. Суурийг нь анх 1972 онд тавьж байсан. Улсын дээд шүүх, Улсын прокурорын байр гэсэн нэртэйгээр баригдаж, бид хагас бүтэн сайн өдрөөр ажиллаж суурийг ухах, шороо зөөх гээд туслах ажлуудыг хийж байлаа. Орой 6 цагт ажил тарж хариад, эргэж 7 цагт цуглаад 11 хүртэл ажилладаг байсан даа. Ирэхгүй бол ажил тасалсанд тооцно, арга хэмжээ авна. /инээв/ Ингээд бүгд сэтгэл гарган хүчин зүтгэсний эцэст 1975 оны 2 сард шинэ байрандаа нүүж орсон. Тухайн үед 1, 2 давхарыг Дээд шүүх, 3, 4 давхарыг прокурорын газар эзэмшиж байсан. Ер нь бол тухайн үед ажиллаж байсан прокурор, ажилтнууд энэ байрны суурийг тавилцсан юм шүү дээ.

Ас : Прокурорын байгууллагаас гадны улсад сургалтанд хамрагдаж байсан анхны эмэгтэй прокуроруудын нэг гэж сонссон юм байна.

Хар: БНМАУ-ын Ерөнхий прокурорын урилгаар 1968 онд ЗХУ-ын Ерөнхий прокурор Руденко Монголд айлчилсан. Тэр үеэс л прокурорын байгууллагын гадаад харилцаа, хамтын ажиллагаа өргөжиж, прокуроруудын сургалт солилцооны гэрээ, хэлцэл хийгдсэн юм билээ. Ингээд 1970 оноос эхэлж прокуроруудыг ЗХУ-д түргэвчилсэн мэргэжил дээшлүүлэх курст сургаж эхэлсэн. Анх ЗХУ-ын Украйны Харьков хотод сургалтанд хамруулахаар бүх аймгийн прокурорын газраас нэг нэг хүн сонгон авч бараг 20 гаруй хүн 3 сарын хугацаагаар явсан. Тухайн үед Гавъяат хуульч А.Ядмаа гуай Увс аймгийн прокурорын газраас ирж биднийг удирдан авч явж байлаа.

Дараа нь 1972, 1975, 1980 онуудад Мөрдөнгийн шугамаар Ленинград хотод болсон сургалтанд тухайн үеийн прокуроруудаас Увсын Юүзэн, Чимэдлхам, Цэвэгсүрэн 3 дээр би нэмэгдээд 4 эмэгтэй прокурор сургалтанд явсан байдаг.

Ас : Таныг прокурорын байгууллагад ажиллах хугацаанд хичнээн Ерөнхий прокурор солигдов. Эдгээрээс таны бодлоор хэн нь прокурорын байгууллагад өөрчлөлт хийж чадсан гэж боддог вэ?

Хар: Д.Ёндондүйчир, Ж.Авхиа, Р.Гүнсэн, С.Бүдрагчаа, Ж.Балжинням, Г.Бахдал, Н.Ганбаяр, М.Алтанхуяг гэсэн 8 ерөнхий прокурор солигдсон байдаг. Шинэ прокурор томилогдох бүрт тушаал шийдвэрээс эхлээд бүх л зүйлд өөрчлөлт орно шүү дээ. Өөрчлөлт гэвэл намайг төв аппаратад байх үед Ж.Авхиа прокурор дээрээ ч нилээд нэр хүнд сайтай хүн байсан. Бас юм хөөцөлдөж, бүтээх арга барил нь ч илүү байсан юмуу прокурор албан тушаалын цол, форм, нэмэгдэл цалинтай болгосон гээд прокурорын байгууллагад нилээн их өөрчлөлт оруулсан гэж боддог. Д.Ёндондүйчир прокурорын үед прокурорын байгууллага мэргэжлийн хуульчдаар эгнээгээ тэлсэн, боловсон хүчний хувьд бэхэжсэн байдаг. Харин намайг Хан-Уул дүүргийн прокурорын газарт 1975 оноос 1980 оны 12 сар хүртэл ажиллах хугацаанд анхны дүүргийн прокурор Ч.Ядмаа гэж байсан ба түүнээс хойш Адъяа, Нямаа, Галдаа гэх мэт прокуроруудаар удирдуулж байлаа. Бүгд л их сайхан хүмүүс байсан даа.

Ас : Та 50 жил прокурорын байгууллагатай ажил, амьдралаа холбожээ. Мэдээж энэ хугацаанд олон шавьтай болсон байх. Хууль зүйн сайд Д.Дорлигжавын багш байсан гэж сонссон юм байна.

Хар : Би прокурорын байгууллагад 35 жил ажиллаад, 2001 онд тэтгэвэрт гарсан шүү дээ. Тэтгэвэрт гараад яг 15 жил болж байна. 1987 онд Сүхбаатарын районы прокурорт Ерөнхий хяналтын туслахаар ажиллаж байлаа. Тэр үед Их сургуулийн хуулийн сургуулийн оюутнууд үйлдвэрлэлийн дадлага сар хагасын хугацаанд хийдэг байсан л даа. Тэгэхэд Д.Дорлигжав прокурор,Ерөнхий сайд асан Жасрайн хүү Жанцан нар дадлага хийхээр ирсэн.

Д.Дорлигжав прокурор тухайн үедээ л 29 настай хамгийн хөгшин оюутан гэгдэж байлаа./инээв/ Үйлдвэрлэлийн дадлага хийсэн оюутнууд маань дадлагаа хийж дуусаад улирч дадлагажих ажилтнаар бусдаасаа арай цалин багатай 1 жилийн хугацаанд ажилладаг байсан. Д.Дорлигжав прокурорыг Ерөнхий хяналт дээр би дадлагажуулж байсан. Тэр хугацаанд намайг 1 сарын хугацаатай мэргэжил дээшлүүлэх курсанд яваад ирэхэд Д.Дорлигжав прокурор миний ажлыг орлон хийж байсан юм. Хөдөлмөрийн гараагаа прокуророос эхэлсэн хүн шүү дээ. Маш их чамбай, юманд айхтар няхуур залуу байсан даа. Гэр бүлгүй байсан учир би тоглоод "...чи хөгшрөөд 30 хүрлээ, эхнэр аваач" гэхээр "...хөдөөний хүүхэнтэй суухаар цамц угааж индүүдэж чадахгүй, хотын хүүхэнтэй суух гэхээр малын махыг хаа гуяар нь ч ялгахгүй өвчүүний цоройг "далбагар юм" гэж ярьдаг" гэж хэлдэг байж билээ.. /инээв/

Ас : Та прокурорын байгууллагад 35 ажиллах хугацаанд төрөөс хүртсэн авсан гавъяа шагнал их байгаа биз дээ.

Хар:Прокурорын байгууллагад ажиллах хугацаанд төр засаг миний хөдөлмөрийг үнэлж Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтангадас одонгоор шагнасан. Мөн Прокурорын хүндэт ажилтан, Хууль зүйн албаны тэргүүн гээд авсан шагнал байна. Ойн медалууд ч бий.

Ас : Тухайн үед прокуроруудын цалин, хангамжийн асуудал хир байсан бэ. Ер нь тэр үеийн хуулийн байгууллагуудын цалин ямар түвшинд байсан юм бол...

Хар: Шүүгч прокурор 2-ын цалин яг адилхан хэмжээнд байсан. Улсын прокурорын хяналтын прокурорууд 775 төгрөг, Ерөнхий прокурор 1500 төгрөг, 1 дүгээр орлогч нь 1350, 2 дугаар орлогч 1200 төгрөг, хэлтсийн дарга нар 850 төгрөгний цалинтай байлаа. Дээр нь мөрдөнгийн нэмэгдэл гэж 10 хувь өгнө.1991 онд775 төгрөг маань нэг нугараад л 1570 болсон. Тэр үедээ л өндөр цалин шүү дээ. Би л гэхэд хамгийн өндөр цалингаар тэтгэвэр тогтоолгож 66 хувиар гарсан. 35 жил ажилласан гээд 20 жилд нь 45 хувь үлдсэн 15 жилд нь 1.1 хувиар бодсон. Одоо тэр үеээс хойш тэтгэвэр маань нэмэгдэх ч үгүй, юмны ханш өсөөд хэцүү л байна. Одоо тэтгэвэр 300.000 төгрөг авч байгаа. ЮУ ч болохгүй байна ш дээ. Ер нь тэгээд аль хэдийн хийдгээ хийгээд гарсан мань мэт нь бүү хэл одоо ажиллаж байгаа прокуроруудын цалин бага байхад тэтгэвэрийн бид юугаа ч ярих бэ дээ. /инээв/ Сүүлийн үед прокурорын байгууллагыг бэхжүүлэх, цалин хангамжийг нэмэх тал дээр төр засаг анхаарахгүй байгаа л юм шиг санагдах юм.

Бидний урилгыг хүлээн авч цаг зав гарган сонирхолтой ярилцлага өрнүүлсэн танд баярлалаа. Эрүүл энхийг хүсье.