Г.ЭРДЭНЭБАТ: ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГАСАН ЦОО ШИНЭ ХУУЛЬ

A- A A+
Г.ЭРДЭНЭБАТ: ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГАСАН ЦОО ШИНЭ ХУУЛЬ

Хууль эрх зүйн салбарт хийж буй шинэчлэлийн хүрээнд удахгүй Хууль сахиулахын тухай хуулийн төслийг УИХ хэлэлцэж байна. Уг хуулийн төслийн үзэл баримтлалын талаар Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбаттай ярилцлаа. Тэрбээр Хууль сахиулахын тухай хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүн юм.

-Хууль сахиулахын тухай хууль батлагдсан нөхцөлд хууль сахиулах үйл ажиллагаанд оролцдог бүхий л субьект мөрдөх дүрэмтэй болно гэдэг асуудал яригдаад байгаа. Хүний эрхийг хангах харилцаа энэхүү төслийн хүрээнд яаж сууж өгч байна вэ. Төслийн үзэл баримтлалыг тодруулахгүй юу?  

-Хууль сахиулах тухай хууль нь Монголын хувьд цоо шинэ хууль юм. Өнөөдрийг хүртэлх хугацаанд иргэд л хуулийг сахин биелүүлж ирсэнээс биш хууль сахиулах ажлыг хийдэг цагдаа, гааль, татвар, мэргэжлийн хяналтынхан хуульгүй гэж хэлж болохоор явж ирсэн. Хүний эд хөрөнгийг хурааж, битүүмжилж, хүний эрх чөлөөнд халдаж, хүнд албадлага торгууль шийтгэл оногдуулж байдаг атлаа нэг бол агентлаг, байгууллагын даргын гаргасан тушаалыг мөрддөг, эс бол практикт яаж тогтсон түүгээр зохицуулж ирсэн байдаг. Зарим нь тодорхойгүй нөхцөлтэй. Энэ байдал хүний эрхийг маш их дордуулж, зарим албан тушаалтан үзэмжээрээ хувийн сонирхлоор хэн нэгний эрх чөлөөнд халдах боломжийг нээж, зарим албан тушаалтан хүний эрхийг бүдүүлгээр зөрччихөөд хууль бус уу, хууль ёсных уу гэдэг нь нэгэнт үнэлэгдэж тогтоогдох боломжгүй учраас хариуцлага хүлээхгүй, иргэд хохирдог. Энэ л байдлыг цэгцлэх зорилгоор Хууль сахиулагчдад зориулсан хууль боловсрогдсон юм.

Монгол Улсад өнөөдөр олон хууль сахиулагч, албан тушаалтан галт зэвсэг, гав бороохой, нулимс асгаруулагч, бусад нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэдэг. Үүнийгээ хэний эсрэг ямар тохиолдолд, ямар үндэслэлээр хэрэглээд байгаа юм бэ гэдэг тодорхойгүй байгаа. Энэ мэтээр хууль сахиулагчийн үйл ажиллагаатай холбоотой бүхий л асуудлыг уг хуулиар журамлаж, ямар тохиолдолд галт зэвсэг хэрэглэх, ямар тохиолдолд гав бороохой хэрэглэх, ямар тохиолдолд нулимс асгаруулагч хэрэглэх, хууль зөрчсөн хүнтэй яаж харилцаж ажиллах, бичиг баримтыг нь яаж шалгах, нэгжлэг үзлэг яаж хийх юм гэдэг энэ бүрийг журамласан. Ийм л учиртай. Үндсэндээ хүнд шийтгэл торгууль оногдуулдаг бүх албан тушаалтан энэ хуулийг дагаж мөрдөнө, зөрчсөнтэй нь хариуцлага ярина л гэсэн үг.

-Өнгөрсөн дөрөвдүгээр сард "Баянгол” зочид буудалд байрлах нэр бүхий компанийн санхүүгийн баримтад шалгалт хийх болоход тусгай албаныхан очиж, баахан хүн цуглараад нэлээд юм болсон. Иймэрхүү ажиллагаа цаашдаа процедурынхаа хувьд яаж явах юм бэ гэдэг нь Хууль сахиулахын тухай хуулиар зохицуулагдаж сууж байна гэж ойлголоо зөв үү?

-Зөв. Энэ асуудал хуулийн төсөлд "Тусгай ажиллагаа” нэртэйгээр тусгагдаад явж байгаа. Ямар байгууллага тусгай ажиллагаа явуулдаг нэгжтэй байх юм, тэрийг ямар тохиолдолд, ямар зорилгоор, ямар зориулалтаар хэзээ ашиглах вэ  гэдгийг төсөлд тусгасан.

-Энэ хуулийн төсөлтэй холбогдох эсэхийг нарийн хэлж мэдэхгүй байна. Гэхдээ ахмад хурандаа нар гүйцэтгэх ажиллагааг прокурор, шүүхийн хяналтад явуулах нь мэдээллийн нууц алдагдах эрсдэл бий болгож байна гэдэг асуудал хөндөж, хэвлэлийн хурал хийж байсан. Зохицуулалт нь яаж орж ирж байгаа вэ?

-Хууль сахиулагч байгууллагын ажлын нэг хэсэг нь аливаа гэмт хэргийг мөрдөж илрүүлэхийн тулд нууц ажиллагаа буюу гүйцэтгэх ажиллагаа явуулах шаардлага үүсдэг. Шинэ хуулиар үүнийг "Эрэн сурвалжлах нууц ажиллагаа” нэртэйгээр зохицуулсан.

Ямар төрлийн ажлыг дээрх ажиллагаагаар хийж болох юм, ямар тохиолдолд энийгээ хийх юм, үүнд нь хэн хяналт тавих вэ гэдгийг нэгбүрчлэн заасан.

Ажлын нууцлал алдагдана гэж болгоомжлох нь зүй ёсны юм. Гэхдээ энэ ажлыг өөрөө дураараа хийгээд байна уу, үндэслэлтэй хийгээд байна уу, гэмт хэргийг илрүүлэх зорилгоор ашиглаад байна уу, эсвэл хувийн зорилгоор, бүр тодруулбал хэн нэгнийг айлган сүрдүүлэх зорилгоор зэвсэг болгон ашиглаад байна уу гэдгийг бид өнөөдөр мэдэхгүй байна шүү дээ. Дээрээс нь манай Гүйцэтгэх ажлын тухай хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн хүрээнд маш явцуу хязгаарлагдмал хүрээнд гүйцэтгэх ажлын замаар цуглуулсан мэдээ, баримт, сэлтийг нотлох баримтын хэмжээнд үнэлж болохоор заасан юм байгаа.

Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд зөвхөн прокурорын зөвшөөрөлтэйгээр нэгэнт үүсгэсэн Эрүүгийн хэрэг дээр явуулсан гүйцэтгэх ажлын үр дүнг нотлох баримтад тооцож болохоор заасан. Гүйцэтгэх ажлын журмаар маш их мэдээ, материалыг цуглуулсан байдаг. Энэ нь улсын төсвийн олон сая төгрөгийн хөрөнгө юм. Ийм их ажлыг тэр гүйцэтгэх ажлын байгууллага нь маш их хөдөлмөрлөж хийчихээд үр дүн нь хууль зүйн талаасаа ямар нэг ач холбогдолгүй байдаг. Маш харамсалтай л даа. Дэлхийн бусад улсын жишгээр ч тэр, одоо манай улсад байгаа хэрэгцээ нь ч тэр, гүйцэтгэх ажил гэж яриад байгаа тэр зүйлээрээ ямар нэг хэрэг илрүүлсэн бол шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлэх ёстой. Нотлох баримтын хэмжээнд үнэлэхийн тулд зайлшгүй хяналттай, үндэслэлтэй, журамтай, үр дүнг нь тодорхойлсон үнэлэмжтэй байж нотлох баримт болгох боломжтой. Ингэхийн тулд түүнд прокурор хяналт тавих, тэр тодорхой ажиллагаануудыг заримыг нь шүүхийн зөвшөөрөлтэйгээр, заримыг нь прокурорын зөвшөөрөлтэйгээр явуулахаас өөр аргагүй. Нууцлалын тухайд өөрөөр ярьж болно. Нууцлал алдсан прокурортой хариуцлага тооцох тухай байж болно. Тэрнээс биш нууц гэдэг зүйлийг нь нэг л хүн мэдэж байх ёстой, тэр хүний төвшинд бүх юм нууцлагдаад өнгөрөх ёстой гэвэл өрөөсгөл болно.

Хэдийгээр тодорхой төвшинд нууцаар мөрдөж шалгах боловч тэр нь цаашдаа тодорхой төвшинд очоод ил болох ёстой. Тэр хууль зүйн маргааныг эрүүгийн гэмт хэргийг нотлохын тулд гүйцэтгэх ажлын аргаар цуглуулсан баримтыг гаргаж тавих ёстой. Ингэхийн тулд журмыг нь Хууль сахиулах тухай хуульд зааж өгсөн юм.

Ингэхийн тулд гүйцэтгэх ажил гэдэг зүйлээс эрэн сурвалжлах нууц ажиллагаа гэдэг зүйлийг тусад нь хуульчилж, нууцаар хийхийг, явуулж байгаа үйл ажиллагаа, явц нь нууц байх юм, зөвхөн энэ ажлын үр дүн ил болж хэлэлцүүлэгдэх юм гэдгийг зааж өгсөн. Нууц гэхдээ хуулийн дагуу явж байна уу гэдгийг хянах л ёстой. Үүнд Хууль сахиулахын тухай хууль зориулагдсан.

-Хурандаа нарын тавьсан асуудлыг ажлын хэсгийн төвшинд ойлголцоод таны хэлснээр үндсэн концепц суужээ?

-Тэгсэн. Хурандаа нар, ахмад чекистүүд болгоомжлолоо илэрхийлэх нь зөв. Алдаж, эндэх  вий гэж болгоомжилсондоо л сануулсан. Мэргэжлийн байгууллагууд нь энэ хуулийн төслийг боловсруулахад хамтраад саналаа өгөөд явж байгаа. Тагнуул, Авлигатай тэмцэх газар, Цагдаа, Шүүхийн шийдвэр биелүүлэх газар, Тахарын албанаас төлөөлөл нь оролцоод "Манай дээр ийм ажиллагаа хийгдэнэ, нөхцөл нь ингэж хангагдана” гээд тал, талын саналаа өгөөд явж байгаа. Үүнийг хэн нэгэн прокурор ч юм уу, хэн нэг албан тушаалтан ганцаараа сууж байгаад хийгээгүй. 

-Та дээр прокурорт мэдээллээ буруугаар ашиглавал хуулийн хариуцлага хүлээнэ гэсэн зүйл дурдаад өнгөрсөн. Энэ тохиолдолд прокурор ямар хариуцлага хүлээх юм?

-Төрийн нууц задруулж байгаа хэрэг. Гэмт хэргийн асуудал яригдана. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай асуудал яригдана.

-Хууль зүйн байнгын хороогоор Хууль сахиулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх шатанд Ц.Оюунгэрэл гишүүн тодорхой санал гаргаж, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын зүгээс өгсөн санал уналаа. Ямар асуудал гишүүдийн дэмжлэг хүлээж чадсангүй вэ?

-Цагдан хорих байранд эрэн сурвалжлах нууц ажиллагаа явуулахыг хориглосон заалтыг холбогдох байгууллагууд нь бидний ажлын хэрэгцээ шаардлагын үүднээс эрэн сурвалжлах нууц ажиллагаа буюу одоогийн хэллэгээр гүйцэтгэх ажлыг цагдан хоригдож байгаа хүн дээр явуулах хэрэгцээ байдаг юм. Тийм учраас хуулиар хориглосныг больж өгөөч ээ гэсэн саналууд гаргаж байсан. Ажлын хэсэг дээр асуудлыг яриад өнөөгийн бодит практик хэрэгцээтэй нийцэж байгаа юм болов уу гэж үзээд заалт оруулсныг Ц.Оюунгэрэл гишүүн хүний эрхийг дордуулж байгаа. Цагдан хорих байранд хүний эрх чөлөөг хорьж хязгаарлаж байхдаа нууц далд аргаар мөрдөж мөшгөх ажлыг хийх нь зохимжгүй юм аа гэсэн үндэслэлээр санал хураалгаад дэмжигдсэнгүй.

-Олон улсын төвшинд үүнийг ямархуу байдлаар зохицуулсан байдаг юм бол?

-Олон улсын төвшинд олон янзаар зохицуулдаг бололтой юм. Зарим улсад цагдан хорих байрандаа мөрдөн мөшгөх нууц ажиллагаа явуулдаггүй, зарим оронд ямар нэг хориг саадгүйгээр явуулж цагдан хоригдож байгаа хүнээ нууц далд аргаар мөрдөж мөшгөдөг бололтой.

-Хууль сахиулах тухай хууль ирэх есдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ гэж ойлгоод байгаа?

-Тийм ээ.

-Шинэ, шинэ хуулиуд батлагдаж байгаатай холбоотойгоор хуульдаа зохицуулж ажиллахын тулд хууль хүчний байгууллагуудад хүн хүч шаардах нь уу. Мөн хуулиа ойлгох, арга барилаа өөрчлөх гээд олон зүйлд бэлтгэгдэх шаардлагатай болж байх шиг.  Есдүгээр сарын 1 гэдэг хугацаа хэр боломжийн юм бэ?

-Таны асуусантай нэг зүйлтэй санал нэг, нөгөөтэй нь санал нийлэхгүй байна.

Хуулийн байгууллагын ажилчдын ажлаа хийдэг хууль гарлаа, шинэ ажил нэмээгүй. Монгол Улсад гардаг гэмт хэрэг, зөрчил, хууль бус үйлдэл хэвээрээ. Түүний араас явдаг цагдаа, зөрчил шалгадаг мэргэжлийн хяналтын байцаагч нарын өмнө байдаг асуудал хэвээрээ. Тэр асуудлын араас хэдэн байцаагч, хэдэн цагдаагийн албан хаагч нар маань явна. Бид шинэ ажил нэмээгүй. Өнөөдөр цагдаагийн байгууллага дээр ирдэг гомдол ирдгээрээ ирээд, шалгагддагаараа шалгагдана.

Ийм учраас учиргүй олон цагдаагийн албан хаагч нэмэгдэх үү гэвэл үгүй. Харин тэр ажил дээр нь хяналт тавьж оролцдог, зөвшөөрөл өгдөг прокурор, шүүгчийн ажил нэмэгдэнэ. Арав, зуун хүнээр орон тоо нэмэх тухай асуудал яригдаж магадгүй.

Цагдаагийн байгууллага хүн хүч, орон тоогоо нэмье гэдэг хүсэл сонирхол байж магадгүй. Үнэн хэрэг дээрээ тулгарч байгаа хэрэг ачааллын тоо нь цагдаагийн орон тоог нэмэхээс биш хууль бол орон тоог нэмэхгүй.

Харин бидний тулгарч байгаа асуудал нь ажлын арга барил хандлагаа өөрчлөх. Шинэ хууль маань хууль сахиулагчдыг хуулийн дор ажиллаж сур гэдэг л шаардлага тавина. Тэр хуулийн дор ажиллах арга барил, тэр хандлагад суралцах ёстой. Энэнд л маш их цаг хүч хэрэгтэй байгаа. Есдүгээр сарын 1-нээс өмнө амжина, амжихгүй гэж хэлмээргүй байна. Бид хэр ажлаа шуурхай, оновчтой зохион байгуулахаас бүх юм хамаарна уу гэхээс буруу ойлголцоод хоорондоо маргаж мэтгэлцээд ажилдаа шуурхай орж чадахгүй бол хэдэн ч сар үргэлжилж магадгүй. Шуурхай байвал хэзээ ч асуудал цэгцрээд явж болно.

Хуулийн байгууллагын ажлын нэг онцлог маань орчин үеийн боловсронгуй  тархи толгойтой болно гэхээс илүү өмнөө байгаа дүрэм журмаа мөрдөж ажиллах л явдал байдаг. Дүрэм журмыг нь сайн тодорхойлоод өгчих юм бол манай албан хаагчид тэрэнд түүртэхгүй ээ.

Г.ДАРЬ

Эх сурвалж News.mn