“ТЭНСЭГДСЭН ЯЛТАНД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ”-ЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ШАЛГАЖЭЭ

A- A A+
“ТЭНСЭГДСЭН ЯЛТАНД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ”-ЫН  ХЭРЭГЖИЛТИЙГ ШАЛГАЖЭЭ

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас дүүргийн хэмжээнд хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан болон хорих ял нь тэнсэгдсэн ялтны ял эдлэлтийн байдалд цагдаагийн байгууллага хэрхэн хяналт тавьж байгаа болон Улсын Ерөнхий прокурор, Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2016 оны 01 дугаар сарын 08-ны өдрийн А/05, А/09 тоот хамтарсан тушаалаар батлагдсан "Тэнсэгдсэн ялтанд хяналт тавих журам”-ын хэрэгжилтийг дүүргийн прокурорын баталсан удирдамжийн дагуу шалган дүгнэлт хийжээ.

Шалгалтаар: 

-Ялтны шийтгэх тогтоолыг цагдаагийн байгууллага хүлээн аваад хяналт тогтоох тогтоолыг ахлах байцаагч үйлдээгүй, хэсгийн байцаагч нар өөрсдөө тогтоол үйлдэж хэлтэс, тасгийн даргаар батлуулсан, өөр аймаг, дүүргээс шилжүүлэн ирүүлсэн ялтнуудын шийтгэх тогтоол, шүүхийн захирамж, тодорхойлолтыг хүлээн авч хувийн хэрэг нээн, ялтныг хяналтанд авсан боловч энэ талаар тухай бүр прокурорт мэдэгдээгүй зэргээр "Тэнсэгдсэн ялтанд хяналт тавих журам”-ын 2.1 дахь заалтыг зөрчсөн,

-"Тэнсэгдсэн ялтанд хяналт тавих журам”-ын 2.11 дахь хэсэгт "Тэнсэгдсэн ялтанд холбогдох хувийн хэргийг хүлээж авсанаас хойш ажлын 10 хоногийн дотор хилийн хориг тавих саналыг прокурорт албан бичгээр заавал хүргүүлнэ” гэж заасан байтал Багахангай дүүрэг 1, Налайх дүүрэг 4 ялтанд хилийн хориг тавих санал ирүүлээгүй, хугацааг 8-22 хоног хэтрүүлсэн,

-Хэсгийн байцаагч нар ялтны засрал хүмүүжлийн талаарх тодорхойлолтыг хорооны засаг даргаас улирал бүр авч хувийн хэрэгт хавсаргадаггүй зөрчил нийтлэг байгаа нь дээрх журмын 2.7 дахь заалтыг зөрчсөн,

-Ялтнуудын хувийн хэргийг хянахад ялтныг анх хяналтанд авч хувийн хэрэг нээх үед хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэхээр зөвшөөрсөн 2 иргэнийг батлан даагчаар тогтоож баталгаа гаргуулж байгаа боловч батлан даагч нар нь тухайн ялтантай ямар холбоотой хүмүүс болох нь тодорхойгүй байгаагаас гадна хяналтын явцад эдгээр батлан даагч нартай уулзаж ялтны засрал хүмүүжлийн талаар тайлбар авдаггүй, батлан даагч үүргээ хэрхэн биелүүлж байгаатай танилцаагүй,

-Ялтан өөрөө хяналтанд ирэхгүй байгаа тохиолдолд ирүүлэх арга хэмжээ аваагүй, ирэхгүй байгаа шалтгааныг шалгаагүй, зөвхөн холбоо мэдээллийн хэрэгслээр ар гэр болон батлан даагчтай нь ярьж энэ талаарх тэмдэглэлийг хувийн хэрэгт хавсаргасан зэрэг зөрчлүүд илэрчээ.

Прокурор эдгээр зөрчлийн талаар хувийн хэрэг нэг бүрт тэмдэглэл хийж, биелэлтийг 2016 оны 5 дугаар сарын 30-ны дотор танилцуулах үүргийг хэсгийн байцаагч нарт өгсөн ба шалгалтын явцад хилийн хориг тавигдаагүй ялтнуудад хилийн хориг тавих саналыг нөхөн авч ИХШХЕГазарт хүргүүлсэн байна.

Шалгалтын дүнг дээрх 2 цагдаагийн байгууллагын удирдлага, хэсгийн байцаагч нарт танилцуулан, "Тэнсэгдсэн ялтанд хяналт тавих журам”-ын талаар сургалт зохион байгуулсан бөгөөд шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар Налайх, Багахангай дүүргүүдийн цагдаагийн хэлтэс, тасгийн удирдлагуудад прокурорын шаардлага хүргүүлжээ.