ХУУЛЬ СУРТАЛЧЛАХ, ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

A- A A+
ХУУЛЬ СУРТАЛЧЛАХ, ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН  СЭРГИЙЛЭХ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

Ховд аймгийн Прокурорын газраас санаачлан Мянгад суманд 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хууль сурталчлах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, прокурор болон бусад хууль хяналтын байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд хүргэх өдөрлөгийг амжилттай зохион байгуулсан байна. 

Өдөрлөгийн арга хэмжээнд Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Ховд, Буянт, Мянгад, Дөргөн сумдын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, төрийн болон төрийн бус байгууллагын ажилтан, албан хаагчид, иргэд, малчид оролцсон ба аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Сум дундын Эрүү, Иргэний хэргийн анхан болон Давж заалдах шатны шүүх, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Тахарын алба, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчны газрын холбогдох албан тушаалтнууд өөрсдийн байгууллагын үйл ажиллагааны талаар товч мэдээллийг уг арга хэмжээнд оролцсон 5 сумын ард иргэдэд хүргэжээ. 

Түүнчлэн Ховд аймгийн болон дээрх 5 сумдын 2016 оны эхний 5 сарын эрүүгийн нөхцөл байдлын талаар Аймгийн прокурорын орлогч, хууль цаазын ахлах зөвлөх Б.Цогтбадрах, Монгол Улсын Их хурлаас шинэчлэн баталсан Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулиудаар туслах прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Г.Баяраа нар мэдээлэл хийж, асуулт, хариулт, танин мэдэхүйн "АХА” тэмцээнийг өдөрлөгт оролцсон иргэдийн дунд зохион байгуулж, Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, Архидан согтуурахтай тэмцэх, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын, Авлигын эсрэг, Тамхины хяналтын тухай хуулиудын хэрэгжилт орон нутагт ямар байгаа, сайжруулах чиглэлээр цаашид юу хийх шаардлагатайг харуулсан жүжигчилсэн тоглолт, ханын сонин, шог дууны уралдаан, гарын авлагын танилцуулга зэрэг номеруудаас бүрдсэн "ДЭВЖЭЭ”тэмцээнийг 5 сумын дунд хийж, "Аха” болон "Дэвжээ” тэмцээнд 1, 2, 3 дугаар байр эзэлсэн хүн болон багуудад өргөмжлөл, мөнгөн шагнал, медаль гардуулж, батламж олгожээ.

Хууль сурталчлах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх өдөрлөгт аймгийн Хөгжимт драмын театрын зарим уран бүтээлчдийг оролцуулан ая дууны мэндчилгээ дэвшүүлж, орон нутгийн "Ховд” телевизээс мэдээ, мэдээлэл бэлтгэж ажилласан байх бөгөөд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх агуулга бүхий 3 төрлийн 500 гаруй ширхэг брошюрыг тараажээ.

Өдөрлөгт оролцогчдоос "Ард иргэд, хууль хяналтын байгууллагын хамтын ажиллагааг сайжруулсан үр дүнтэй арга хэмжээ боллоо” хэмээн талархал илэрхийлсэн бөгөөд 2016 оны 10 дугаар сард уг өдөрлөгийг Ховд аймгийн Зэрэг суманд зохион байгуулахаар төлөвлөжээ.