ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР СУМДАД АЖИЛЛАА

A- A A+
ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР СУМДАД АЖИЛЛАА

Дорноговь аймгийн прокурорын газраас аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Тагнуулын газар, орон нутгийн DSB телевизтэй хамтран Айраг, Даланжаргалан, Иххэт, Дэлгэрэх, Алтанширээ сумдад "Иргэдээ сонсъё” хууль сурталчлах, уулзалт, ярилцлага зохион байгуулжээ.
Түүнчлэн тухайн сумдын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, ЕБС-ийн нийгмийн ажилтан, хэсгийн төлөөлөгч нарын  ажлыг 2016 оны эхний 5 сарын байдлаар шалгаж танилцсан байна.

Дээрх арга хэмжээг Аймгийн прокурор С.Цэрэнсамбуу, туслах прокурор Г.Ганцэцэг, туслах ажилтан Д.Сүрэнхор нарын бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулсан ба Аймгийн прокурор С.Цэрэнсамбуу "Прокурорын байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд хүргэх, 2015 онд хийж гүйцэтгэсэн ажил, аймгийн хэмжээний эрүүгийн нөхцөл байдал, гэмт хэргийн гаралт болон түүний шалтгаан нөхцөл, цаашид авч хэрэгжүүлэх ажил”-ын талаар мэдээлэл хийсэн бол Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Г.Ганбаатар "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс хийж хэрэгжүүлсэн ажил, түүний үр дүн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, Цагдаагийн газрын дэд бөгөөд Эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Б.Ганцоож "Аймгийн хэмжээний эрүүгийн нөхцөл байдлыг 2016 оны 1 дүгээр улирлын байдлаар танилцуулж, шинээр батлагдсан Зөрчлийн тухай хууль, түүнд тусгагдсан шинэ агуулга, зарчмын өөрчлөлт”-ийн талаарх мэдээлэл хийжээ.

Уулзалт, ярилцлаганд Айраг сумын 150, Даланжаргалан сумын 85, Иххэт сумын 78, Дэлгэрэх сумын 75, Алтанширээ сумын 42, нийт 430 иргэд оролцож асуулт асууж, санал хүсэлтээ илэрхийлсэн ба холбогдох хариултыг газар дээр нь авч, зарим асуудлаа шийдвэрлүүлжээ.

Прокурорын байгууллагаас иргэдэд зориулсан 11 төрлийн гарын авлага материал, боршур 880 ширхэг, байгууллага, аж ахуйн нэгжид зориулсан "Гэмт хэрэггүй нийгмийн төлөө хамтдаа” уриалга 20 ширхэг, сумдын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлд Прокурорын байгууллагын үйл ажиллагаа болон 2015 онд хийсэн ажил, эрүүгийн нөхцөл байдал, тухайн жилд гарсан гэмт хэргийн судалгааг үндэслэн хийж бэлтгэсэн пресентейшн, иргэдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэдний эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэсэн гарын авлага, материалаар баяжуулсан хавтас 5 ширхэг зэргийг тараан өгч, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, тухайн орон нутагт ажиллаж байгаа албан тушаалтан, ажилтныг мэргэжлийн удирдлагаар хангахад чиглэсэн цаг үеийн шинжтэй ажлуудыг хийжээ.