Өдөрлөгийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхтэй хамтран зохион байгуулсан ба Завхан аймгийн Тосонцэнгэл суманд үйл ажиллагаагаа явуулдаг хуулийн байгууллагууд болох Сум дундын Шүүх, Прокурор, Цагдаагийн хэсэг, Тавдугаар тойргийн Тахарын хэсэг, Онцгой байдлын хэсгийн албан хаагчид болон Тэс, Баянтэс сумдын иргэд оролцжээ.
Энэ үеэр прокурорын байгууллагын үйл ажиллагааг ард иргэдэд сурталчлах зорилгоор тус прокурорын газрын ахлах прокурорын зүгээс 2015, 2016 оны эрүүгийн нөхцөл байдлын талаар болон прокурорын байгууллагын талаар товч танилцуулж, ард иргэдэд хууль эрх зүйн чиглэлээр тулгамдаж буй асуудлын талаар нээлттэй асуулт, хариулт өрнүүлэн харилцан ярилцаж санал солилцжээ.
Тус өдөрлөгт оролцохоор ирсэн иргэдийн дунд асуулт хариултын АХА, олс таталт зэрэг уралдаан тэмцээн зохион байгуулж байр эзлүүлэн, шагнаж, урамшуулсан бөгөөд тус прокурорын газар болон нээлттэй хаалганы өдөрлөгийг хамтран зохион байгуулсан хуулийн байгууллагын албан хаагчдын зүгээс иргэд, хөдөлмөрчдөд зориулж урлагийн тоглолт хийж, мэндчилгээ хүргэсэн нь оролцогчдийн талархалыг хүлээсэн байна.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор тус сумдад түгээмэл үйлдэгддэг гэмт хэргийн талаар болон гэмт хэргийн хор уршигын талаар яриа таниулга хийж гарын авлага тарааж ажилсан нь үр дүнтэй ажил болжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба