ПРОКУРОР МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ, ХЭРЭГ ИЛРҮҮЛЛЭЭ

A- A A+
ПРОКУРОР МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ, ХЭРЭГ ИЛРҮҮЛЛЭЭ

Прокурорын хяналтын нэг гол хэлбэр нь мөрдөн шалгах ажиллагаа явуулах юм. Прокурор мөрдөн шалгах ажиллагаа явуулах бүрэн эрх, мөрдөн шалгах ажиллагаа явуулах үндэслэл, журмыг одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 195 дугаар зүйл, Прокурорын байгууллагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-д тодорхой хуульчлан өгсөн байдаг.
Прокурорын мөрдөн шалгах ажиллагаа нь нэгэнт хийгдсэн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг хуулийн дагуу дахин Эрүүгийн байцаан шийтгэх тодорхой ажиллагааг явуулах замаар уг ажиллагаа нь хууль зүйн үндэслэлтэй эсэхийг шалган тогтоох ажиллагаа юм. Прокурор мөрдөн байцаалтын ажиллагаанд хутгалдан орж байгаа гэсэн үг биш.
Прокурорын мөрдөн шалгах ажиллагаа нь өмнө нь явагдсан тодорхой Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааг давтан явуулдгаараа мөрдөн байцаалтаас ялгаатай. 
Прокурор эрүүгийн хэрэг үүсгэх, мөрдөн байцаалт явуулах, шүүхээр хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэлх процессын нарийн төвөгтэй ажилд хууль хэрхэн биелүүлж байгааг анхнаас нь тасралтгүй хянаж, хууль ёсыг хамгаалах төрийн үүргийг гүйцэтгэдэг.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд хяналт тавих явцад хохирогч, гэрч, сэжигтэн, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, мөрдөн байцаалтын ажиллагаанууд хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаагүй гэж прокурор үзвэл гэрч, хохирогч, сэжигтэн, яллагдагчийг биечлэн байцаах, шинжээч дахин томилох, үзлэг, нэгжлэг, туршилтыг давтан хийх зэргээр мөрдөн шалгах ажиллагаа явуулна.

Шинэчилэн найруулсан Прокурорын байгууллагын тухай хуульд Улсын Ерөнхий прокурорын дэргэд прокурорын хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх алба ажиллаж, албаны мөрдөгч нь прокурорын даалгавраар мөрдөн шалгах ажиллагаа явуулна гэж хуульчилсан.

Prokuror.mn Прокурор хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлж, мөрдөн шалгах ажиллагаа явуулснаар гэмт хэргийг илрүүлж, иргэнд хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхийг хангасан талаарх ярилцлагыг хүргэж байна.

                                          ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 1-Р ХОРООНЫ ИРГЭН Б.ИРЭХБАЯР:

Ямар учраас прокурорт баярласан сэтгэлээ илэрхийлэхийг хүссэн бэ.

Би 2015 оны 11 сард "Хаан банк"-ны виза картаа гээгдүүлснийг хүмүүс олоод дотор нь байсан мөнгийг ашигласан байсан. Тухайн үед картанд 500.000 гаруй мянган төгрөг байсан л даа. Тэгээд би энэ хүмүүсийг олж өгч, хохиролыг минь барагдуулж өгөхийг хүсэж, цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан.

Баянгол дүүргийн Цагдаагийн газарт 2015 оны 11 сард өргөдөл гаргаснаас хойш 2016 оны 3 сар хүртэл намайг ганц удаа л дуудаж байцаалт авснаас өөр юмгүй, ямар ч сураг чимээгүй таг чиг болчихсон байсан. Цагдаагаас дуудаж уулзахдаа мөнгийг чинь авч ашигласан хэргийн эзэн нь олдохгүй байна. Бичлэг нь ч алга, тиймээс таны хэргийг түр түдгэлзүүллээ гэж хэлсэн. Тэгтэл 3 сард прокуророос дуудаж байна гэхээр ирсэн чинь "таны картыг авсан хүнийг олсон" гэсэн. Тэгээд миний хохиролыг барагдуулж өгсөн. Миний энэ асуудал Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнхцэцэг дээр хянагдаж байсан юм билээ. Н.Мөнхцэцэг прокурор мөрдөн шалгах ажиллагаа явуулж, гэмт хэрэгтнүүдийг илрүүлж, намайг хохиролгүй болгож өгсөнд маш их баярлаж байна.

Урьд нь хуулийн байгууллагад хандаж байсан удаа байгаагүй. Энэ асуудлаас болоод л анх удаа харьцаж үзэж байна. Прокурорын байгууллагыг би ойлгохдоо аливаа гэмт хэрэг зөрчил дээр хийгдэж байгаа ажиллагаа нь хуулийн дагуу явагдаж байгаа эсэхийг хянадаг юм байна гэж ойлгож авсан.

Дээрх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Баянгол дүүргийн хяналтын прокурор Н.Мөнхцэцэгээс энэ талаар асууж тодруулсан юм.

                                                        БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ХЯНАЛТЫН ПРОКУРОР Н.МӨНХЦЭЦЭГ:

Иргэн Ирэхбаярын гомдлоор шалгасан эрүүгийн хэрэгт таныг мөрдөн шалгах ажиллагаа явуулсны дүнд хэргийг илрүүлж, хохирогчийн гомдлыг барагдуулсан гэсэн. Энэ талаараа тодруулаач.

Хохирогч Б.Ирэхбаяраас гаргасан "Баянгол дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт байрлах бааранд тооцоогоо хийгээд, гарахдаа виза картаа гээгдүүлсэн тул олж өгнө үү" гэх гомдлыг Баянгол дүүргийн Цагдаагийн 2-р хэлтэс дээр хүлээж авсан байдаг. Иргэн Б.Ирэхбаярийн гомдлыг цагдаагийн байгууллага хүлээн авч шалгаад, эзэн холбогдогч нь тогтоогдохгүй үндэслэлээр түдгэлзүүлэх саналтай оруулж ирсэн. Хэргийг үйлдсэн эзэн холбогдогч тогтоогдоогүй байсан тул прокуророос түдгэлзүүлэх шийдвэр гарсан. Урьд оны үлдэгдэл хэргээ эцэслэн шийдвэрлэх зорилгоор 3 сард уг хэргийн ажиллагааг сэргээж, шалгуулахаар шилжүүлсэн юм. Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн хэрэг бүртгэгч О нь тус хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, хохирогч Б.Ирэхбаяр, Э гэгч яллагдагчтай эвлэрсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай прокурорт шилжүүлсэн байсан. Хэргийг хянахад хохирогч, яллагдагчийн өгсөн мэдүүлэг эргэлзээтэй байсан тул надад байцаан шийтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан эсэхэд эргэлзээ төрсөн. Тиймээс би дүүргийн прокурорт танилцуулж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан юм. Мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн хэргийг шалгасан хэрэг бүртгэгч нь хохирогч, яллагдагч нарыг хоорондоо эвлэрсэн болгож, хуурамч мэдүүлэг үйлдэж, өөрөө гарын үсгийг дуурайлган зурсан болох нь тогтоогдсон. Тэгээд ч зогсоогүй, яллагдагч нараас иргэн Б.Ирэхбаярын хохирлын мөнгийг дансаар шилжүүлж аваад, өөрөө ашигласан байсан.

Иргэн Б.Ирэхбаярын виза картны мөнгийг завшсан хэргийг 3 хүн бүлэглэж үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон. Энэ асуудлыг тухайн хэрэг бүртгэгч шалгаж байх явцдаа нэг хүнийг нь тогтоосон боловч бусдыг нь тогтоогоогүй. Яллагдагч хохирогчтой эвлэрэх нь байтугай нүүр нүүрээ ч харалцаагүй, хохирогч анх гомдол гаргахдаа л нэг удаа байцаалт өгснөөс өөрөөр байцаалт өгөөгүй байсан. Ингээд хэргийн нөхцөл байдал, дүр зургийг бүрэн гаргаж тавиад "Иргэн Б.Ирэхбаярын виза картны мөнгийг завшсан" гэх хэргийг дахин хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийлгэхээр шилжүүлж, хэрэг бүртгэгчид холбогдох гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн, шалгуулахаар Улсын мөрдөн байцаах газрын тусгай субъектийг шалгах хэлтэс рүү шилжүүлсэн. Хэрэг бүртгэгчид холбогдох хэрэг өнөөдрийн байдлаар мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байгаа. Э нарын 3 хүнд холбогдох "Иргэн Б.Ирэхбаярын гээгдэл эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн" хэрэг Баянгол дүүргийн шүүхээр хэлэлцэгдэж, гэм буруугийн асуудлыг тогтоон, эцэслэн шийдвэрлэгдсэн.

Таныг тухайн хэрэгт хяналт тавихад хэрэгт авагдсан ямар баримтууд, мөрдөн байцаалтын ажиллагаанууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаагүй гэх эргэлзээ төрүүлсэн бэ?

Би хэргийн материалыг уншиж хянахад, хэрэг нэг л буруу явагдаад байна гэж харсан л даа. Эхлээд мөнгө төгрөгөө яаж олох вэ гэсэн хохирогчийн мэдүүлэг явж байтал гэнэт эвлэрсэн болоод ирсэн. Гэвч мөнгө өгсөн, авсан асуудал хэрэгт байхгүй. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25.1-д заасан үндэслэл өөрөө хохирлын талаар маргаангүй болсон байхыг шаарддаг. Гэтэл тийм асуудал байхгүй. Зүгээр л хохирол төлөгдсөн гэсэн байсан. 3 хүн үгсэж тохиролцоод дээрх хэргийг үйлдсэн, байцаагчид тодорхой хэмжээний мөнгө өгсөн байдаг. Тэгээд нэг хүнээрээ даалгах янзтай. Гэтэл нөгөө хүн нь ч мэдээгүй. Ийм замбараагүй юм болгочихсон орж ирсэн. Хэргийн холбогдогч хохирлын 500.000-с гадна хэрэг бүртгэгчид тодорхой хэмжээний мөнгө өгчихсөн байгаа байхгүй юу. Хохирогчийн гарын үсэг, хүсэлт, бүгдийг дуурайлган зурсан байсан. Энэ хэрэг дээр миний хамгийн гол олж харсан юм бол 2-р сарын 30-ны өдөр байцаалт өгсөн гэж бичсэн байсан. Гэтэл 2 сард "30-ны өдөр" гэж байхгүй шүү дээ. Тухайн хэрэг бүртгэгч нь цагдаагийн байгууллагад нэлээн хэдэн жил ажиллачихсан хүн байсан. Одоогоор гэм буруугийн асуудал эцэслэн шийдэгдээгүй учир албан тушаал нь түр буураад эргүүлийн цагдаа хийж байгаа гэсэн. Яг энэ асуудлаар нь цагдаагийн байгууллагад нь мэдэгдэл бичээд, хариуг нь авчихсан байгаа.