Баянгол дүүргийн прокурорын газрын захиргааны чиг үүргийг хэрэгжүүлэхэд туслах ажилтан Төрбатын Мөнх-Амгаланг Соёл спорт, Аялал жуулчлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/34 дугаартай тушаалаар сагсан бөмбөгийн "Спортын мастер” цол тэмдгээр шагнагджээ.
"Спортын мастер” Т.Мөнх-Амгалан нь Нийслэлийн 10 жилийн 24 дүгээр дунд суралцаж байхдаа 12 наснаасаа эхлэн сагсан бөмбөгийн секцэнд хичээллэж эхэлснээр энэ төрлийн спортоор 13 жил хичээллэж дараах амжилтуудыг гаргасан байна.
-2006-2008 онуудад буюу 9-11 дүгээр ангид байхдаа "Чингэлтэй дүүргийн сагсан бөмбөгийн аварга” цолоор 3 жил дараалан тэргүүлсэн,
-2007 онд буюу 10 дугаар ангид байхдаа "Хүүхдийн лиг”-ийн шагналт байр,
-2008 онд буюу 11 дүгээр ангид байхдаа сагсан бөмбөгийн "Спортын 1 дүгээр зэрэг” цол тэмдэг,
-2010-2013 онуудад ОХУ-ын Москва хотод Дотоод явдлын яамны Их сургуульд сонсогчоор суралцаж байх хугацаандаа Монголын Оюутны Холбооноос зохион байгуулсан ОХУ-ын хотуудын "Оюутан залуучуудын аварга шалгаруулах тэмцээн”-нд 3 жил дараалан оролцон түрүүлж "Сагсан бөмбөгийн шилдэг тоглогч”-оор шалгарсан,
-2012-2014 онуудад Монголын сагсан бөмбөгийн Холбооноос Польш, Швед, Швейцар улсуудад зохион байгуулагдсан "Европ дахь Монголчуудын сагсан бөмбөгийн тэмцээн”-д ОХУ-ын Москва хотыг төлөөлөн 3 удаа оролцож тус тус хүрэл медалиар,
- 2014 онд зохион байгуулагдсан "Монголын Оюутны их наадам”-д оролцож алтан медалиар шагнагдсан байна.
Т.Мөнх-Амгалан 2015 онд Сагсан бөмбөгийн "Алтан од” клубд элсэн орсон бөгөөд одоо "Монголын сагсан бөмбөгийн холбооны "Супер лиг”-т тоглож байгаа ажээ.
Прокурорын байгууллагын нэрийг гаргаж, спортын үнэмлэхүй амжилтаараа сагсан бөмбөгийн "Спортын мастер” цолоор шагнагдсан туслах ажилтан Т.Мөнх-Амгаланд цаашдын спортын их үйлсэд нь өндөр амжилтыг прокурорын байгууллагын нийт хамт олны зүгээс хүргэж байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба