Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу шалгалтын мөрөөр зохиосон ажлыг газар дээр танилцахад компаний захиргаанаас бодитой ажил зохион байгуулаагүй, хулгайн гэмтхэрэг гарахад нөлөөлж буй камержуулалтын чанар байдал муу байгаагаас гэмт хэрэг үйлдсэн этгээдийг илрүүлэхэд хүндрэл гарч байгааг засах талаар арга хэмжээ аваагүй байсан тул дүүргийн прокуророос мэдэгдэл бичихээр шийдвэрлэжээ.
Мөн шалгалтын удирдамжийн хүрээнд хяналтын прокурор С.Оюунжаргал, В.Отгончимэг нар 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр "Говь” ХХК-ний худалдааны менежерүүд болон ажилчдад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг суртачилах, мөн бусдын өмчийг хулгайлах, завших, залилан мэхлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар яриа таниулга хийсэн байна.
Худалдаа үйлчилгээний байгууллагуудад гарч байгаа нийтлэг гэмт хэрэг болох хулгайн гэмт хэргийн улмаас байгууллагад учирч байгаа хохирлыг нөхөн төлүүлэх хууль журмын талаар ажилтнуудаас гаргасан асуултуудад хууль зүйн үндэслэл, журмыг тайлбарлаж өгсөн байна.
Говь ХК-ны Хэрэглэгчийн үйлчилгээ хариуцсан сургалтын менежер Т.Баярмаа, Худалдааны зөвлөх В.Агиймаа нар Прокурорын байгууллагаас явуулсан шалгалт, яриа таниулгыг ач холбогдолтой болсныг тэмдэглээд, цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийлжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба