Тус сургуулийн 2015-2016 оны хичээлийн жилд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийх ажлын төлөвлөгөө, түүний биелэлтийг шалгахад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 2015-2016 оны хичээлийн жилд хийх ажлын төлөвлөгөө гарган баталсан байх боловч сургуулийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, энэ талаар гарсан хууль тогтоомжийг хэрэгжүүлэхээр төлөвлөгөөнд тусгагдсан зарим ажлууд хэт ерөнхий, хэлбэрийн төдий агуулгатай, төлөвлөгөөний хэрэгжилтийг тухай бүр нь хангуулж биелэлтийг тооцоогүй, хийгдсэн ажлын материалжуулалт хангалтгүй зэрэг зөрчлүүд илэрсэн байна.
Шалгалтын дүнгийн талаар тус сургуулийн багш, ажилчдад танилцуулж, Цаашид: Гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах нэгдсэн төлөвлөгөө боловсруулахдаа сургуулийн орчинд гарсан гэмт хэргийн тоо болон сурагч, ажилчдын гэмт хэрэг, зөрчилд холбогдсон байдал, шалтгаан нөхцлийг судалсаны үндсэн дээр хийгдэх ажлыг оновчтой төлөвлөх, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулж байгаа сургалтын сэдэв агуулгын хүрээг нэмэгдүүлж, чанарыг сайжруулах, Сурагчдын эцэг эхийн зөвлөлийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд татан оролцуулах, Төлөвлөгөөнд тусгагдсан хугацаандаа хийгдээгүй ажлуудыг хийж дуусгах, бусад ажлыг цаг тухайд нь хийх, Төлөвлөгдсөн ажлуудыг зохион байгуулах ажилтан, хариуцах эзний хариуцлагыг дээшлүүлэх, төлөвлөгөөний биелэлт, үр дүнг тухай бүр нь тооцох, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил тус бүрт материал бүрдүүлж ажиллах /сургалтанд хамрагдсан хүмүүсийн ирц, танилцуулга, гарын авлага, уралдаан тэмцээнд ирүүлсэн материал, фото зураг, тухайн ажлыг зохион байгуулсан ажлын явц, үр дүнг тусгасан тэмдэглэл зэргээр баримтжуулах/ талаар чиглэл өгч, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын чанар, үр дүнг дээшлүүлж ажиллах талаар прокурорын мэдэгдэл хүргүүлжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба