ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛИЙН ЭСРЭГ ТЭМЦЭХ ШҮҮХ, ХУУЛЬ САХИУЛАХ САЛБАРЫН СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТ БОЛЛОО

A- A A+
ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛИЙН ЭСРЭГ ТЭМЦЭХ ШҮҮХ, ХУУЛЬ САХИУЛАХ САЛБАРЫН СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТ БОЛЛОО

 

Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (IDLO, Италийн Ром хотноо төвтэй Засгийн газар хоорондын байгуулага) нь Хууль зүйн яам, Шүүхийн Ерөнхий зөвлөл, Улсын Ерөнхий прокурорын газар, Цагдаагийн Ерөнхий газар, Тахарын Ерөнхий газар болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газартай хамтран ажиллах Санамж бичиг байгуулсаны үндсэн дээр "Монгол Улс дахь жендерт суурилсан хучирхийлэлтэй тэмцэх, хууль зүйн салбарын чадавхийг бэхжүүлэх” төслийг хэрэгжүүлжээ. 

Төслийн зорилго нь Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг(ГБХ)салбар хоорондын уялдаа холбоог хангаж, шүүх болон хууль сахиулах байгууллагын ажилтнуудыг сургах сургалтын хөтөлбөр, гарын авлагыг боловсруулж, сургагч-багш бэлтгэхэд оршиж байгаа ажээ.

Сургалтын хөтөлбөр, үйл ажиллагааны журмыг боловсруулах ажлыг удирдан зохион байгуулах зорилгоор Хууль зүйн сайдын тушаалаар ажлын хэсэг байгуулж тэдгээр нь ажлын хэсэгт орсон байгууллагын төлөөлөл өөрийн мэргэжлийн экспертийн багийг байгуулан сургалтын хөтөлбөр боловсруулжээ.

Төслийн дараагийн үйл ажиллагааны хүрээнд салбар хоорондын сургагч-багш бэлтгэх сургалт2016 оны 6 дугаар сарын 20-24-нд зохион байгуулагдаж байгаа ба сургалтанд дээр дурдсан 5 байгуулагаас гадна Хууль сахиулахын Их сургууль, Шүүх шинжилгээний үндэсний төв зэрэг байгууллагаас 33 сургагч-багш хамрагдажээ.

Сургалтанд сургах арга зүйгээс гадна ГБХ-ийн хохирогчийг хамгаалах цогц тогтолцоо, ГБХ-тэй холбоотой сэтгэл зүйн асуудлууд, Жендерт суурилсан хүчирхийллийн тухай ойлголт зэрэг сэдвээр олон улсын байгууллага, ХСИС, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв болон Сэтгэл зүйн үндэсний төвөөс багш нар ирж сонирхолтой лекц тавьсан байна.

Түүнчлэн, АНУ-аас AEquitas(Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн талаар прокуроруудад зориулсан сан) сангийн захирал Женнифер Лонг, Висконсин мужийн Ла Кросс дүүргийн Ерөнхий шүүгч Рамона Гонзалес нар ирж ГБХ-тэй тэмцэхэдпрокурорын хяналт, шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар хичээл зааж, сургагч багш нарын сонирхсон асуултанд хариулжээ.

Сургагч-багш нар Монгол Улсын эрх зүйн орчин, Олон улсын туршлага зэргийг судалсаны үндсэн дээр мэргэжлийн гарын авлага боловсруулж, 2016 оны 10 сард болох салбар хоорондын 200 алба хаагчийн сургалтанд багшлах ажээ.

Төслийг Төрийн департаментийн дэргэдэх Олон улсын Мансууруулах бодис, хууль хэрэгжилтийн асуудал эрхэлсэн товчооноос санхүүжүүлжээ.