СУРЫН СПОРТОД ҮНЭН СЭТГЭЛЭЭСЭЭ ДУРЛАЖ ОРСОН БОЛОХООР НАР САЛХИ, БОРОО ШОРООГ ҮЛ АЖРАН ЯМАР Ч ҮЕД БЭЛТГЭЛЭЭ ХИЙДЭГ

A- A A+
СУРЫН СПОРТОД ҮНЭН СЭТГЭЛЭЭСЭЭ ДУРЛАЖ ОРСОН БОЛОХООР НАР САЛХИ, БОРОО ШОРООГ ҮЛ АЖРАН ЯМАР Ч ҮЕД БЭЛТГЭЛЭЭ ХИЙДЭГ

PROKUROR.MN:Тулгар төр байгуулагдсаны 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн босгон дээр "Ярилцлагын цаг" булангийн зочин хойморийг прокурорын байгууллагаас төрөн гарсан спортын алдартнуудаараа чимж байна.

Бидний энэ удаагийн зочноор Багануур дүүргийн прокурорын газрын бичиг хэргийн ажилтан, Үндэсний сурын спортын мастер Л.Ганчимэг уригдсан юм. Өөрийн дуртай спортдоо гэр бүл, хамт олноо ч татан оруулж чадсан түүний чин сэтгэлийн ярилцлагыг та бүхэндээ хүргэж байна. Түүнтэй УЕПГ-ын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Т.Мөнхбаяр ярилцлаа.

Баяр наадмын бэлтгэл хир хангагдаж байна.

Багануур дүүргийн багийнхантайгаа 6-р сарын 20-ноос эхлээд бэлтгэлд гарсан. Сар орчмын хугацаанд бэлтгэл хийхэд л хангалттай сайхан болдог доо. Хэдийгээр багаар бэлтгэл хийж байгаа ч гэсэн яг тэмцээн дээр бол хувь хүний амжилтаар явна шүү дээ. Харин багаараа энэ жил Баян-Өлгий аймагт болох улсын аваргад оролцоно. Нийт 20 тамирчнаас шигшигдээд 12 хүн л явна. Миний хувьд хаанахын ямар ч тэмцээн уралдаанд оролцсон Багануур дүүргийн прокурорын газраараа овоглож ордог.

Анх энэ спортыг сонирхож хичээллэх болсон талаараа болон зааж зөвлөсөн багшийнхаа талаар дурсаач...

Багаасаа л спортод дуртай хүүхэд байлаа. Бараг 6-р ангиасаа эхэлж сагс тоглосон. Сагсан бөмбөгийн спортын 1-р зэрэгтэй тамирчин шүү дээ./инээв/ Дараа нь 1985 оноос буудлагын спортоор хичээлллэж байгаад зах зээлийн нийгэмд шилжиж буу, сумаа худалдаж авч чадахгүй байдалд хүрсэн учир аргагүйн эрхэнд орхисон. Буудлагын спортын нэг онцлог нь нилээд өндөр зардалтай л даа.Харин үндэсний сураар 2000 оноос хичээллэж эхэлсэн. Анхны багш маань Багануур дүүргийн улсын мэргэн Д.Гарамдорж гэж хүн байдаг. Тэр хүн л анх нум яаж татах, сум яаж тавихийг зааж өгч байлаа. Багш маань одоо ч энх тунх сайхан буурал бий.

Спортын олон төрлөөр хичээллэсэн хүнд гаргасан амжилт чамгүй их биз...

Мэдээж байлгүй яахав. Томоохон шагналуудаасаа дурьдвал анх 1995 онд Буудлагын спортын Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож "Дэд мастер” цол, хүртсэнээс эхлээд 2004 онд Үндэсний сурын харвааны "Монгол Улсын спортын мастер”, Улсын аварга шалгаруулах Үндэсний сурын харваанд 3-р байр, 2012 онд Үндэсний сурын Улсын аварга шалгаруулах тэмцээний 1-р байр гээд маш олон бий. Мөн энэ хугацаанд би Нийслэл болон аймаг дүүргүүдэд болдог олон тэмцээнүүдэд оролцож сайхан амжилтуудыг гаргаж явсан байдаг. Гэр бүлээрээ энэ спортооор хичээллэж гаргасан амжилтийг маань үнэлж "Багануур ХК”-наас 2005 онд "Шилдэг тамирчин" гэр бүлээр тодруулж байлаа.

Үндэсний сурын харваа болон түүний хэрэгсэл, дэг жаягийн талаар бидэнд сонирхуулаач...

Монголчуудын эрхий мэргэнээ сорин тэмцэлддэг сур харваа нь Үндэсний их баяр наадмын нэг төрөл бөгөөд буриад, халх, урианхай гэсэн гурван төрөлтэй байдаг.

Үүнээс Халх сурын харваа нь нум нь эвэр элэгтэй, шөрмөсөн арлалтай нум байх ба харин сум нь эвэр булцуутай, 4 өдтэй байдаг.

Ерөнхийдөө хар модноос бусад модоор хийж сумны урд үзүүрт байдаг булцууг янгирийн эврээр хийдэг байсан. Орчин үед бол өөр зүйлээр орлуулдаг болчихсон байна лээ. Харин сумны өдийг Тас шувууны өдөөр өдлөдөг.

Нум сумаар харвахдаа эмэгтэй 65, эрэгтэй 75 метрээс харвадаг. Тэнцсэн харваачид товхонд зогсоно. Товхонд 16 сур ордог ба сурандаа тэнцээд байвал арагш нэг нэг метрээр алхаад харваад байна шүү дээ.

Ер нь бол энэ спортыг сонирхож хичээллэхийг хүссэн хүн өөрийн гэсэн хэрэгсэлүүдээ л маш сайн бэлтгэх хэрэгтэй. Бүгд тус тусдаа үнэтэй байдаг. Одоогоор нум, сум зардаг тусгай дэлгүүр энэ тэр гэж байхгүй. 2-3 хүн хувиараа хийдэг л дээ. Нум сум нь тухайн хүний биеийн чадалд таарсан байх ёстой. Эмэгтэй хүмүүсийн хувьд хатуу, зөөлөн аль алийг нь ч барьж болно.

Нум, сумаа хадгалж, хамгаалах тал дээр нилээд анхаардаг гэж сонсож байсан юм байна.

Тэгэлгүй яахав. Шөрмөстэй байдаг болохоор өвөлдөө жаахан чийгтэй газар хадгалвал илүү сайн. Дээр үед бол шөрмөс, цавуу нь хатчихна гэж хоолны борцондоо хийж хадгалдаг байсан гэсэн.

Тэмцээнд оролцож амжилт гаргахад цаг агаарын нөхцөл байдал хир нөлөөлдөг вэ.

Нөлөөлөхдөө хүрвэл бүх л зүйл нөлөөлнө шүү дээ. Тиймээс эхлээд тэмцээнд оролцохын өмнө нум сум, биеийн чадал, анхаарал, сэрэмж маш чухал. Энэ бүхний эцэст цаг агаараа тохируулж байгаад л харвана даа.

Удахгүй болох Улсын их баяр наадамдаа оролцох гээд таны хувьд бэлтгэлээ нилээд сайн хийж байгаа бололтой. Наадмын дараа нь өөр тэмцээнд оролцох төлөвлөгөө бий юу.

Улсын баяр наадамдаа оролцохоор бэлтгэлээ хангаж л байна. Дараа нь мэдээж Багануур дүүргийнхээ баярт оролцоно. Одоогоор өөр хаана, ямар тэмцээнтэй талаар мэдээлэл авч амжаагүй байгаа болохоор төлөвлөсөн юм байхгүй л байна.

Саяхан Багануур дүүргийн прокурор газрын прокурор, ажилтнуудын үндэсний сурын харвааны дунд тэмцээн зохион байгуулсан. Энэ талаар сонирхуулна уу

Тиймээ. Прокурор, ажилтнуудынхаа дунд үндэсний сурын спортыг хөгжүүлэх, хичээллэх хүсэл сонирхлыг нэмэгдүүлэх, залуу үедээ сурын спортыг өвлүүлэх, байгууллагын аварга шалгаруулах зорилгоор тус тэмцээнийг өөрийн нэрэмжит болгон ивээн тэтгэж 06-р сарын 11-ны өдөр зохион явуулсан. Манай прокурор ажилтнууд ч энэ арга хэмжээнд маш их ач холбогдол өгч, бүгд монгол үндэсний дээл, хувцсаараа гоёж оролцсон.Тэмцээний 1 дүгээр байрыг үйлчлэгч Ч.Батчимэг, 2 дугаар байрыг жижүүр Л.Пүрэвсүрэн, 3 дугаар байрыг туслах ажилтан А.Алтангэрэл нар эзэлж, өргөмжлөл мөнгөн шагналаар шагнуулсан.

Үндэсний сурын спортод гаргасан гэр бүлийнхээ амжилтаас сонирхуулвал...

Нөхөр, бага хүү 2 маань харвана. Одоогоор улсад л түрүүлээгүй л болохоос аль аль нь аймгийн мэргэн, спортын мастер цолтой харваачид болсон. Бага хүү маань жаахан байхдаа 2 удаа улсын наадамд орж, айрагдаж байлаа.

Энэ спортоор хичээллэхэд эмэгтэй хүний хувьд хүнд хэцүү болоод сайхан нь юу байдаг вэ.

Урианхай, буриад харваанд зөвхөн эрчүүд оролцоно. Халх сурын харваанд эр, эмгүй харвадаг. Эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай өөртөө маш их цаг зав, тэвчээр гаргаад, хөдөлмөрлөж чадах л юм бол сайхан спорт шүү дээ. Гол нь өөрөө дурлах ёстой. Тэгэж байж л амжилтанд хүрнэ. Миний хувьд өөрөө үнэн сэтгэлээсээ дурлаж орсон. Тиймдээ ч нар салхи, бороо шороог үл ажран ямар ч үед бэлтгэлээ хийдэг. Шантрахгүй л байх хэрэгтэй.

Прокурорын байгууллагтай ажил, амьдралаа холбосон талаараа дурсаач...

Би Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрж өссөн.10 жилийн сургуулиа 1983 онд төгсөж, 1984-1989 онд Баянхонгор аймгийн Барилгын Техник мэргэжлийн сургуулийн гал тогоонд туслах тогоочоор ажиллаж байгаад, 1990 онд Багануур районы прокурорын газарт үйлчлэгчээр орж байлаа. Жил орчим ажиллаж байтал бичээчийн орон тоо шинээр гарч батлагдсанаар одоо болтол 26 жил бичээчээр ажиллаж байна даа. Прокурорын байгууллагад ажиллах хугацаандаа Улсын Ерөнхий прокурорын газар болон Нийслэлийн прокурорын газраас зарласан болзлын дагуу байгууллагын тохижилт болон хамт олны нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд зохих хувь нэмрээ оруулж 1993, 2001, 2003, 2005, 2010, 2011, 2012 онуудад байгууллагын тэргүүний ажилтан 2004 онд Нийслэлийн прокурорын газрын шагнал 2009 онд Улсын Ерөнхий прокурорын тушаалаар "Прокурорын хүндэт тэмдэг”-ээр, шагнагдаж байлаа. Ардын хувьсгалын ойн медалууд ч авсан. Одоо ахмад ажилтны тоонд орчихоод байна шүү дээ./инээв/ Энэ жил 50 насныхаа ойг гэр бүл, найз нөхөд, хамт олонтойгоо маш сайхан өргөн дэлгэр тэмдэглэж өнгөрүүлсэн.

Завгүй бэлтгэлийн хажуугаар бидэнд цаг зав гаргаж сонирхолтой сайхан яриа өгсөнд баярлалаа. Ярилцлагын төгсгөлд хамт олондоо хандаж баяр, наадмын мэндчилгээ хүргэх боломжийг олгож байна.

Зорин ирж ажил, амьдрал, амжилтын минь түүхээс хуваалцсан та бүхэндээ маш их баярлалаа. Намайг өнөөдрийг хүртэл дэмжиж бэлтгэл сургуулилт тууштай хийж амжилт гаргахад минь зав, чөлөө олгож сэтгэл зүрхээрээ хамт байсаар ирсэн Багануур дүүргийн прокурорын газрын үе үеийн удирдлагууд болон одоо дүүргийн прокуророор ажиллаж байгаа Пүрэвжав прокурортоо талархаж явдгаа хэлмээр байна.

Түүнчлэн нийт прокурорын байгууллагын прокурор, ажилтнуудад ажилд нь амжилт, эрүүл энхийг хүсээд удахгүй болох баяр наадмын мэндийг хүргэж байна.